Насны гурван бурхны нэг, гэтэлгэгч Цагаан дара эх нь монголчуудын дунд хамгийн өргөн дэлгэр тархсан шүтээн гэгддэг. Цагаан дара эхийг бүхий л бурхадын эх хэмээн үздэг бөгөөд хэн түүнд аврал одуулж, бие, сэтгэлийн үүднээс бишрэн шүтнэ, түүний үйл хэргийг бүтээж, элдэв аюул, өвчин зэтгэр, үл зохилдох үйл бүхнээс аварч, нас буяныг арвижуулан, зовлонгоос гэтэлгэдэг. Дара эхийг бурханы шашинт орнуудад өргөн дэлгэр шүтэж, урлан бүтээж ирсэн бөгөөд “Хүслэн тэтгэн гүйцээгч хүрдэн” хэмээдэг байна.
XX зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам, урчууд уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай хэмээдэг байв.
Тэгвэл 2019 оны хоёрдугаар сарын 13-ны шинийн наймны билэгт сайн энэ өдөр Богд хааны ордон музейн санаачилгаар “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран нэг өдрийн Цагаан дара эх бүтээх арга хэмжээг зохион байгууллаа. Энэ ёслол өдгөө долоон жилийн нүүр үзэж байна.
Дара эхийг санскритаар Тара, төвдөөр Долма, Монголоор Гэтэлгэгч эх /дара эх/ хэмээн нэрийддэг. Гэтэлгэгч эх хэмээхийн учир нь Дара эхийг орчлонгийн амьтдыг зовлонгоос үтэр түргэн гэтэлгэдэг гэж үздэгээс үүдэлтэй. Дара эхийг бусдад туслах элдэв үйлийн дагуу их найман аюулаас гэтэлгэдэг гэдэг. Эдгээр найман их аюул нь Арслангийн (омгийн сэтгэл), Галзуу зааны (мунхаг сэтгэл), Галын (өшөө хорсол), Хорт могойн (атаархах сэтгэл), Хулгай дээрмийн (Буруу үзэл), Шорон гяндангийн (уур), Үер усны (шунал хүсэл), Мангасын (тээнэлгэлзэх сэтгэл) аюул юм. Эдгээр нь угтаа гаднаас хүнд халдан ирэх аюулыг биш дотоод сэтгэлээс үүтгэлтэй зовлонг зүйрлэн төлөөлүүлсэн шинжтэй байдаг. Буддизмын үзлээр зовлон хэмээгдэгч нь өөрөө гүн гүнзгий ойлголт гэдгийг үүнээс ч давхар харж болно.
Нэг өдрийн Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээг Богд хааны ордон музей, "Соёлоор гийгүүлэхүй" ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, "Монголын бурхны шашны урлагийн зөвлөх" ТББ, зураач Т.Жамъянсүрэн нар хамтран зохион байгуулав.
Өнөөдөр болж буй ёслолд 10 гаруй уран бүтээлч оролцон, Цагаан дара эх бурхан бүтээж байна.





Сэтгэгдэл ( 0 )