Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний шилдгүүд тодорлоо. Улаанхуаран цэргийн хүрээний Зэвсэгт хүчний 6 ангийн хэмжээнд явагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд энэ жил зэвсэгт хүчний 26 анги, байгууллагууд оролцсон байна.
Зэвсэгт хүчний ангиудын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд хамруулах зорилгоор тэмцээний удирдамжид “Заавал дуулах дууны тэмцээн”-д ангийн захирагчаас эхлээд жил бүр тодорхой албан тушаал заан оролцуулж ирсэн нь тус тэмцээний онлог болсон байна. Мөн Монголын үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харваа, төв халх ардын дууны тэмцээн, түүнчлэн Монголын ард түмний оюуны их өв болсон “Жангар”-ын туулиас асуулт, хариултын тэмцээн явагдсан нь энэ удаагийн тэмцээний гол онцлог аж.
Ийнхүү зэвсэгт хүчний “Урлагийн марш” гэсэн албан бус нэртэй болоод байгаа тус тэмцээний шалгаруулалт 2 үе шаттайгаар 5 хоног үргэлжилж, шувтаргын тоглолтод Зэвсэгт хүчний 016, 084,119, 123, 124, 150, 337, 350 дугаар ангиуд өрсөлдөн ”Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, “Дэд байр”-т Зэвсэгт хүчний 124 дүгээр анги, “Гутгаар байр”-т Зэвсэгт хүчний 123 дугаар анги, “Тусгай байр”-т Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, “Шилдэг хөгжөөн дэмжигч” анги, байгууллагаар Зэвсэгт хүчний 124 дүгээр анги тус тус шалгарлаа.
Мөн тус тэмцээний “Шилдэг удирдлага” номинацид Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Иргэн-цэргийн харилцааны тасгийн дарга ахмад Э.Ганбаяр, “Шилдэг дуучин” номинацид Зэвсэгт хүчний 016 дугаар бригад ангийн ахлах дэслэгч Б.Жанцанбалбар, “Шилдэг туйлч” Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах дэслэгч Э.Мэндбаяр, “Шилдэг шагайн харваач” номинацид Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Ж.Юндэнбат, “Шилдэг мэндчилгээ” номинацид Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Наадгай” баг тус тус шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )