Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд НЭМЭГДЛЭЭ НЭХЛЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

Засгийн газрын салбарын зарим сайд гурван талт хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос өнөөдөр (2018.12.20) Хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. МҮЭХ-ноос 2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт  хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар 2018 оны есдүгээр сарын 1-нээс 14 хоног орон даяар ажил хаялт зохион байгуулсан. Эцэст нь, 2018-2019 онд цалин хөлсийг нэмэгдүүлэхээр болж, ажил хаялт зогссон юм. Гэвч БСШУЯ, ХНХЯ, Сангийн яамнаас багш, шинжлэх ухааны салбрын ажилтнуудын нэмэгдлийг шийдвэрлэж өгөлгүй дөрвөн сар өнгөрсөн талаар МҮЭХ энэхүү хэвлэлийн хурлын үеэр ярилаа.

2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас Төрийн сангийн гүйлгээ хаагдаж, нэмэгдэл авах ямар ч боломжгүй болох нөхцөл үүсч байгаа учраас Засгийн газрын тэргүүнд холбогдох яамдын сайд, албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ үү хэмээн тэд хүсэлт тавьж байгаа ажээ. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлана гэж тэд мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр зарим албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

С.Эрдэнэбат: Ерөнхий сайдад хандахаас өөр аргагүй боллоо

(МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч)


-Багш нарын нэмэгдлийг олгоход хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-Бид дөрвөн сарын өмнө орон даяар ажил хаялт зохион байгуулж, зөвшилцөлд хүрсэн. Гэтэл асуудал шийдэгдсэнгүй. Боловсрол, шинжлэх ухааны салбарын 70-80 мянган хүний асуудал яригдаж байна. 2018 оны аравдугаар сарын 1-нээс нэмэх долоон хувийн цалингийн нэмэгдэл болох нийт 10 тэрбум төгрөгийг одоо болтол олгоогүй байна.

-Нийслэл, орон нутагт нэмэгдэл олголт харилцан адилгүй байгаа юм уу?

-Нийслэлд харьцангуй гайгүй. Орон нутгаас бол Дархан-Уул, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий аймгаас Үйлдвэрчний дээд байгууллагад санал, гомдол ирсэн.

-Бүрэн олгогдсон аймаг байна уу?

-Нэг ч алга. Тэмцэл үргэлжилж магадгүй боллоо. Заавал жагсаал, суулт хийлгэж шийддэг болох нь. Цалингийн асуудлыг нэн даруй шийдэхийг шаардаж байна. Үүний цаана Засгийн газар, Ерөнхий сайдын нэр хүндийн асуудал бий.

-Танай холбооноос олон Засгийн газартай хэлэлцээ хийсэн байх?

-Дөрвөн жилд бараг дөрвөн Засгийн газар солигдож байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 90 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл шийднэ гэсэн ч  хаяад явсан. Дараа нь Ж.Эрдэнэбатын газар цалин нэмнэ гээд тэтгэврийн насыг, зарим татварыг нэмсэн. Одоо бид Засгийн газарт, Ерөнхий сайдад хандахаас өөр аргагүй боллоо.

***

Т.Баясгалан:Томилолтын зардлыг 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

 (Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний нэгдсэн эвлэлийн тэргүүн)


-Багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг  долоон хувиар нэмэхэд нэг хүний цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгаа юм вэ, дунджаар?

-Нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг. Нэг хүний цалин дунджаар сард 30,000-40,000 төгрөгөөр  өсөх байсан.

-Та бүхэн Сангийн яамны төлөөлөлтэй уулзсан уу?

-Сангийн яамны гадаа хоёр өдөр зогслоо. Эцэст нь газрын дарга гэж нэг хүн уулзсан. Цалингийн нэмэгдлийг өгч чадахгүй гэх утгатай зүйл л хэллээ.  

-Та бүхэн мөн томилолтын зардал нэмэхийг шаардаж байгаа юм байна. Хэдэн төгрөгөөр нэмэх шаардлага тавьж байгаа юм бол?

-Боловсрол, шинжлэх ухааны ажилтнууд хөдөө орон нутагт томилолтоор их ажилладаг. Томилолтын зардал бага. Өмнө нь хоногийн 4500 төгрөг байсныг 2011 онд нэмж, 12000 төгрөг болгосон. Түүнээс хойш  олон зүйлийн үнэ өссөн. Хоногийн томилолтын одоогийн зардлыг 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.24) 2025 оны 03 сарын 13

Одоо хүртэл өгөхгүй хуураад байдаг засгийн газраар яанаа.худалч цогзолмоа огцосон гэлүү.Одоо хүмүүсийг амралтанд амраах гээд бөөн мөнгө зарцуулах гээд байдаг өгөх юмөа өгөөгүй байж судлаа шоудаад 5өдөр амраах гээд тэнэгтээд байна ш дээ арай ч дээ

1  |  0
Top