Уулыг өргөх хүчтэй ч үрдээ хайраар сөгддөг аавдаа өнөөдөр амжиж заавал очоорой

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Аав хэмээх эрхэм алдрын эзэд болсон уул шиг түшигтэй “Аавуудын өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг  "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

.."Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа” Ц.Хулан найрагчийн “Аавдаа” шүлгийн мөр бүр аав хэмээх хүмүүнийг хамгийн тодоор тэрлэсэн  байдаг. 

Аавуудын эл өдөр ааваа би дурсанам. Миний аав , уур хилэнгээс хол, уул шиг түшигтэй үнэхээр сайн аавын төлөөлөл мөнөөс мөн байсан. Үр хүүхэд биднээ уран яруу үгээр биш, үнэн үйлдлээр хүмүүжүүлсэн юм. Аав маань аядуу зөөлөн юу ч болж байсан эр хүний ноён нуруу зааж цөөн үгээр цөмийг илэрхийлдэг байсансан. "Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэдэг байхад аав нар хаа нэгтээ л жинтэй үг хэлдэг" гэдгийн тод жишээ миний аав байв. Хээгүй гүдэсхэн аав минь хэн бүхний хайрыг хүртсэн олонтой хүн явсан. Нутаг усандаа хүндлэгдсэн нөмөр нөөлөг уул нь байсан юм.  Аав минь толгодын оройдоо дурангаа барьж, таван хошуу малтайгаа ижилдсэн, тал нутгийн малчин байлаа. Аав минь малын цагаан буян их гэсээр хэдэн хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургууль төгсгөж, эргэх дөрвөн улирлын аль нь алинд нь малаа дагасаар энэ биесийг минь өдий зэрэгт хүргэсэн юм. Аав минь өглөө духан дээр минь үнсэж сэрээдэгсэн... Харин одоо салхиар дамжуулж аав минь охиныгоо үнсдэг гэдэгт би итгэдэг юм. Аавыг гаднаас орж ирэхэд хоймор дүүрч, наран мэлтийх адил.  Хүний зэрэгт мөр бүтэн өсгөсөн аавынхаа ачийг хариулна гэж бодсоор явсан надаас хорвоогийн жам арай л эрт аваад одсон юм. Аавтайгаа өнгөрүүлсэн 24 жил миний амьдралын хамгийн жаргалтай элэг бүтэн үе байсан юм. Энэ хүртэл би аавтайгаа мөнх амьдрах юм шиг л санадаг байж. Гэвч нэг л өдөр хагацал хаалга тогшоод ороод ирсэн. Аавтайгаа үдсэн тэр зун, зун зунаас хамгийн сайхан зун байж. 

Ааваас хойш нутагтаа хоёр жилийн дараа очиход толгод маань эзгүй ч эл хуль болсон мэт санагдана. Адуу, үхрээ тууж явдаг байсан энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдах  мэт. Урсан өнгөрөх хорвоогийн шаргал өдрүүдэд  тэнгэр тэлсэн аавыгаа санан санасаар л...

 Үрийнхээ төлөө үргэлжид зовниж суудаг, уулыг өргөх хүчтэй, үрдээ хайраар сөгддөг аавдаа өнөөдөр амжиж заавал очоорой. 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн  шүлгээр нийтлэлээ жаргаая.

Аавдаа

Ханат гэрийн хойморт

Ханхайж суусан аав минь

Хаа ч явсан намайгаа

Хайраар дутаагаагүй шүтээн минь

Дэлхийн цэнхэр салхинд

Дээлээ гандтал давхиж

Дээртэй доортой амьдралд

Дэндүү ухаалаг явсан та

Бодол бодлын үзүүрт

Бурхан аав минь санагдана

Болох болохгүйн эргүүлэгт

Буянтай сургаал нь бодогдоно

Өеөдөж сөхөрч явахад

Үгээрээ татаад босгодог

Халуурч дэвэрч сагахад

Харцаараа алгадаж ухааруулдаг

Намайгаа л гэж элэхдээ

Насаа хайрлаагүй аав минь

Үрээ л гэж эмтрэхдээ

Өөрийгөө гамнаагүй аав минь

Дэндүү их ачийг тань

Дэлхийд хариулж чадаагүй ч

Найргийн гэгээн зуландаа

Нартад таныгаа мөнхөлье дөө

 

 

Ш.Адъяамаа

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top