Дэлхийд техник, технологийн хөгжлөөрөө дээгүүр байр эзэлдэг улс бол Япон билээ. Тус оронд болж байгаа нэгэн үйл явдал дэлхий нийтийг гайхшруулаад байна. Юу вэ гэвэл Японд ажилгүйдлийн түвшин 3.1 хувиас 2.8 хувь болтлоо буурчээ . Улмаар нэг ажил хайгчид ногдох нээлттэй ажлын байрны тоо цаашид өсөх төлөвтэй байгаа гэнэ.
Японы түүхэнд анх удаа нээлттэй ажлын байрны тоо ажил горилогчийн тооноос хэт давсан тохиодол энэ аж. Энэ нь ажиллах хүчний хомсдол ноцтой түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Зургадугаар сарын байдлаар нээлттэй ажлын байр ба ажил хайгчийн тооны харьцаа 1.01:1 болжээ. 2004 онд уг үзүүлэлтийг албан ёсоор бүртгэж эхэлснээс хойш анх удаа уг харьцаа ажлын байрны тал руу хэлбийжээ. Харин нээлттэй нийт ажлын байрны тоо ба ажил горилогчийн тооны харьцаа 1.51:1 болсон нь 43 жилийн дээд үзүүлэлт болсон байна.
Энэхүү үзүүлэлтээс харвал ажиллах хүчний дутагдал нь цагийн түр ажлын байрнаас Японы ажиллах хүчний ноён нуруу болсон цалинтай байнгын ажиллагсад руу шилжиж буйг харуулав. Олон жил үргэлжилсэн баталгаатай бус хөдөлмөрийн гэрээ ба хоёр шатлалтай хөдөлмөрийн зах зээлийн бодлогын дараа компаниуд ажилтнуудаа хадгалахын тулд байнгын ажлын байр санал болгож эхэлсэн байна. Байнгын ажилтны төлөөх өрсөлдөөн нэмэгдсэнээр цалин хөлс өсөж магадгүй юм. Үүний зэрэгцээ байнгын, баталгаатай ажлын байртай хүмүүсийн зарцуулалт нэмэгддэг тул хэрэглээ ч өсөх боломжтой.
Одоохондоо цалингийн хэмжээ ба инфляц зогсонги байгаа авч хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс дөнгөж 0.4 хувиар өссөн байна. PNC Financial-ын олон улсын эдийн засгийн шинжээч Билл Адамс “Хөдөлмөрийн зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа үед хагас цагийн ажил руу шилжих ба уламжлалт хөдөлмөрийн ажилд хамааралгүй ажиллагсдын тоо нэмэгдсэн нь ажлын хөлсийг доош чангааж байна” гэж дүгнэжээ.
Түүний бодлоор Японы төв банк уг өгөгдөлд суурилан ойрын үед мөнгөний бодлогоо дэмжиж байгаа тул хумих шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа аж. Ахмад насныхан ажилдаа үлдэх нь нэмэгдсэн тул ажил эрхлэлтийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь дээгүүр байна. Ажилгүйдлийн түвшин 3.1 хувиас 2.8 хувь болтлоо буурсан тул нэг ажил хайгчид ногдох нээлттэй ажлын байрны тоо цаашид өсөх төлөвтэй гэнэ. Үүнээс гадна өрхийн зарцуулалтын талаар нааштай мэдээ гарчээ. Уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 16 сард анх удаа өссөн явдал юм. Жижиглэн худалдаа зургадугаар сард өмнөх сараас 0.2 хувь дээшилсэн байна.
Эдгээр үзүүлэлтээс харахад Японы эдийн засаг 2017 оны хоёрдугаар улиралд өндөр өсөлттэй гарсны зэрэгцээ экспорт сайжирч, хэрэглээ нэмэгдэж эхлэх төлөв ажиглагджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Японы төв банкны тэргүүний орлогч Хироши Накасо хэлэхдээ "Японы эдийн засгийн идэвх нэмэгдэж, үнэ харьцангуй сул байна. Хөдөлмөрийн зах зээл чангарах нь аажмаар үнэ өсгөх байх" хэмээжээ. Харин Ноён Накасо “Компаниуд ажиллах хүчний хомсдолыг зөвхөн цагийн ажилтнуудаар нөхөхөд бэрхшээл үүсэж болзошгүй. Ажлын цагийг богиносгоход тодорхой хязгаар бий. Энэ нь хөдөлмөр хэмнэх хөрөнгө оруулалтыг бүх салбарт ашиглаж болно гэсэн үг биш” хэмээн дүгнэсэн байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
Үнэн шүү, болдог бол ажилгүй байгаа залуучуудаа ажиллуулвал, маш их юм сурна даа, ажил хийж сурна, хүнтэй харьцаж сурна, соёл энэ тэр гээд зөндөө юм сурна,
Дагваа аварга энэ олон ажилгуйчуудээ аваачиж ажиллуулах хэрэгтэй ш дээ ядаж л ажил хийж сурах хэрэгтэй бна залуучууд
Yamar saihan um manaid iim bsan ch bolosoi