Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” гэж заажээ...
Хуурамч эм… Энэ бол бидний амьдралд бодитоор оршин буй хамгийн нууцлаг бизнесийн нэг гэдэгтэй та санал нийлэх байх. Хэрвээ тийм нууцлаг биш гэвэл, хэн түүнийг үйлдвэрлэж, ямар шугамаар, ямар эмийн сангаар, ямар хүнд тараагдаад байдаг нь олонд ил тод байх ёстой болно. Гэтэл хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийж буй хүмүүс үйл ажиллагаагаа хэзээд нууцалж байдаг.
Энэ бүхнийг нотлох баримт жишээг “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хийсэн сурвалжлаг бэлхнээ гэрчилнэ.
"Метрийн барааны орчмоор л нэлээн хэдэн хүн бий"
Түм түжигнэж, бум бужигнаж байдаг Нарантуул захыг зорилоо. Эрээн мяраан элдэв янзын бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн эл захад байхгүй юм гэж бараг үгүй. Тийм ч учраас эндээс хуурамч эмийн худалдааг хайхаар ирсэн минь энэ. Эхлээд захын төв хаалгаар ороод эргэн тойрноо ажиглалаа. Хаалганы зүүнтээ байрлах Эмийн санг эс тооцвол энэ хавиар эмтэй холбоотой юу ч алга. “Арга ч үгүй биз дээ. Хуурамч эмийн хууль бус худалдааг юу бодож ил тод хийх билээ” гэж санахдаа тэр чигээрээ захын зүүнтэйгээс баруун тал хүртэл нь бүтэн тойрохоор шийдлээ.
Юмыг яаж мэдхэв. Ингэж явтал энд тэнд тийм төрлийн худалдаа хийдэг хүнтэй таарчих ч юм билүү гэж горьдсондоо ийн тойров. Гэвч юу ч ажиглаж, олж, мэдсэнгүй. Ингээд энэ захыг нэлээн хэрэн хэсч, уут зардаг нэгэн хүнээс “Уучлаарай эгч ээ. Энэ хавиар эмийн худалдаа хийдэг хүн байдаг болов уу.
Гар дээрээс эм зардаг хүний тухай та сонсож байсан уу” хэмээн асууж орхилоо. Гэтэл нөгөө хүн би сайн мэдэхгүй ээ. Ямартаа ч энэ хавиар байдаг гэх юм билээ. Метрийн барааны орчмоор л нэлээн хэдэн авгай байдаг гэж сонссон. Чи тэр харагдаж байгаа наад талын хоёр ногоон дээвэртэй метрийн бараа зардаг лангуу руу ороод асуу. Тэр орчмынхон сайн мэдэх байх” гэв.
“Эм зардаг хүн би байна”
Тор зардаг хүний зааварласнаар торго дурдан, метрийн бараа худалдаалагддаг хэсэг рүү очлоо. Эргэн тойронд нь бас л мэдэгдэх юм алга. Тэр орчмоор нэлээн удаан холхилоо. Тэгтэл урд талын эгнээний ээмэг бөгж, хүзүүний зүүлт гээд гоёл чимэглэлийн зүйлс зардаг нэг эмэгтэй “Бямбаа эгч ээ, Бямбаа эгч ээ наашаа хүрээд ир” хэмээн тэр олон хүний алийг нь ч юм бүү мэд нэгийг нь онцлон дуудав.
Тэгтэл тэндээс тавь орчим насны, ногоон эрээн өмд, хар өнгийн куртик, цагаан өнгийн цасны гутал өмссөн, хар нүдний шил зүүж, зовхиныхоо доогуур цагаан бентээр боосон эмэгтэй жаахан доголсоор хүрч ирэв. Тэр хоёр их л дотноор мэндлэлцсэний эцэст лангууны эмэгтэй “Миний цистит хөдлөөд хэцүү байна. таньд ямар, ямар эм байна” гэв. Хариуд нь нөгөөх нь “ээ за, циститийн хэд, хэдэн эм бий алийг авах вэ. За би аваад ирье” хэмээгээд хоёр эгнээ алгасан дотуур хувцас зардаг нэг лангуун дээр ирээд ар талын цаасан хайрцаг ухаж ухаж эм авсаар нөгөө эмэгтэй рүү эргэн очив.
Ийнхүү мөнгөний тохиролцоогоо хийж байгаа бололтой тав, зургаан минутын дараа мөнөөх эмэгтэй ор хөнжлийн даавууны нэгэн лангуу руу очив. Амдаж очоод “Эгч ээ, энэ хавиар эм зардаг хүмүүс бий болов уу. Надад харин нэг эм хэрэг болчихоод гэж сорьсон асуултыг түүнд тавилаа. Гэтэл тэрээр “Эм зардаг хүн би байна. Ямар эм хэрэгтэй вэ” хэмээв.
“Найдвартай наадах чинь. Надаас олон охин авч байсан”
-Эгч ээ. Харин би танаас нэг эм авах гэсэн юм?
-Аан за. Ойлгосон, ойлгосон. Хоёр ширхэгтэй эм үү? Эгчид нь байгаа.
-Үгүй эгч ээ, тэр эмийг чинь тэгээд юу гэдэг билээ. Яаж хэрэглэдэг юм?
-Постинорыг чи яриад байгаа биз дээ. Далан хоёр цагийн дотор уудаг. Хамгаалалтын л эм гэсэн үг шүү дээ гэх учир битүүлэг юм яриад наанаа хүлээж бай миний дүү. Би аваад ирье гээд яваад өглөө. Эргэж ирээд жижигхэн хайрцагтай эм харууллаа.
-Энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Найдвартай юм уу гэхэд?
-Найдвартай наадах чинь. Надаас олон охидууд авч байсан юм. Үнэ нь 1500 төгрөг. Тэгээд чи авах юм уу/уурлангуй/ гэлээ.
Ийм яриа тэр нууц бизнес хийдэг гэх эмэгтэй бид хоёрын дунд болж өнгөрсөн юм. Эндээс харахад хуурамч эмийн хууль бус худалдаа Нарантуул зах дээр лав хийгдсээр байна. Ил гарсан нь энэ болохоос биш цаана нь хэчнээн ийм хувь хүн, байгууллага буйг хэлж мэдэхгүй юм.
Эмийн зохисгүй хэрэглээ Монголын ирээдүйд заналхийлж буйн тод жишээ энэ. Өдгөө борооны дараах мөөг шиг олширсон эмийн сангууд, түүгээр худалдаалж буй эм, бэлдмэлийн чанар стандарт, хэрэглээнд хэн, хэрхэн хяналт тавьж байна вэ. Эмийн сангаар худалдаалж буй эмийн 2,4 хувийг эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эзэлж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. Ингээд бодохоор манай улсын энэ төрлийн худалдаа үйлчилгээний чанар стандарт хэр төвшинд байгаа нь ойлгомжтой юм. Баримт түшье.
Амоксициллинийг 95 янзаар эмийн бүртгэлд бүртгүүлжээ
Өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Эмийн зохистой хэрэглээ" аяны хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судлагаа, урьдчилан сэргийлэх хяналт, төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ зэрэг хяналтын бүхий л төрлөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулсан юм.
Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй /антибиотик/ эм байна. Эдгээр антибиотикуудаас амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбензоат пенициллин 24,цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим14, цефазолин 10, доксициклин найман янзаар тус тус бүртгэгдсэн байх жишээтэй. Ялангуяа амоксициллин, ампициллин, ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн антибиотикуудын 35,3 хувийг эзэлж байна. Нэг эмийг ийнхүү олон янзаар бүртгэсэн нь эмчийг жор бичихэд төөрөгдөлд хүргэдэг ажээ.
Түүнчлэн иргэдийн хэрэглэж байгаа эмийн эмчилгээний идэвх нь ямар түвшинд байгааг тодруулахын тулд “Антибиотикийн идэвх тодорхойлох” хяналт шинжилгээг хийлээ. Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж байсан дотоодын долоон эмийн үйлдвэр /Тунфарм, Армон, Дэгдфарм, Моносфарм, Нахиа, Шинэбат, Шинэ нахиа/, 35 улсын импортын 75 үйлдвэрийн 82 нэрийн эмээс дээж авч МХЕГ-ын Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байсан зөрчил илрэв..
Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд импортын зөвшөөрөл олгожээ
Иргэдийг хуурамч болон улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас шалгалт хийсэн байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд таван өдрийн турш хийв. Уг хяналт шалгалтаар нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамрууллаа. Энэ удаа хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлж, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 440 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 47 акт үйлдэн хураан авав.
Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл”-ийг олгосон ноцтой зөрчлийг илрүүллээ. Тодруулбал, "Нурофен" 200мг N20 шахмал эмэнд 2015 оны 12 сарын 24 өдрийн 001.003/15/3523 дугаартай “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл” бичиж, Өргөө фарм импекс ХХК-д олгосон байжээ.
Эмийн зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх хуулийн заалт бүрэн хэрэгжсэнгүй
Монголд эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэх, жорыг стандартын дагуу бичих,эмийг жороор олгох байдал хэдийнэ алдагджээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмчид үзүүлэхээсээ урьтаад эмийн санчид өвчний зовиураа хэлж, эм авдаг нь ердийн үзэгдэл болсон. Үүний тод жишээ гэвэл МХЕГ-аас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудын жор олголтын байдалд судлагаа хийхэд 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байсан явдал.
Түүнчлэн эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангаагүй байна. Ийнхүү эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй зэрэг эмчийн мэдлэг, ажлын хариуцлагатай холбоотой зөрчил байжээ. Харин эмийн сангуудын хувьд хүлээн авсан жоронд эм олгосон тухай тэмдэглэл хийн баталгаажуулаагүй, зөрчилтэй буюу буруу бичсэн төдийгүй хугацаа дууссан жороор эм олгосон байна. Түүнчлэн "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтад эмийн хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдал дээр энэхүү заалт бүрэн хэрэгжиж чадахгүй хэвээр. Тухайлбал, 2015 онд эмийн хэрэглэх зааварт тандалт судалгаа явуулан 72 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 3584 нэрийн импортын эмэнд дүн шинжилгээ хийхэд, 78 хувь нь хэрэглэх зааврыг Монгол хэл дээр орчуулаагүй нийтлэг зөрчил байсан. Иймд МХЕГ-аас тухайн байгууллагуудад эмийн хэрэглэх зааврыг Монгол хэл дээр болгох асуудлаар хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн удаатай. Гэтэл өнгөрсөн гурав дугаар сарын туршид Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар импортлогдсон 287 нэрийн эмийн хэрэглэх зааварт судалгаа хийхэд 91,8% нь Монгол хэл дээр хөрвүүлээгүй зөрчил давтагдсаар...
Эмэнд дасалтай, харшилтай иргэдийн тоо өссөөр ...
Эмийн хэрэглээ зохисгүй байдалд хүрэхэд нөлөөлж байгаа шалтгаануудын нэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаатай холбоотой байдаг. Тиймээс өнөөдөр иргэд зохисгүй хэрэглэсэн эмнээс үүдэлтэй, өвчин эмгэгүүдэд өртөж байна. Тухайлбал, эмэнд хамааралтай, дасалтай болохын зэрэгцээ антибиотикийн зохисгүй хэрэглэснээс болж нянгийн тэсвэржилттэй болж байна. 2015 онд маш олон эмэнд дасалтай хүн 50-д хүрсэн байгаагаас харахад энэ тоо өнөөдөр хэд болж өссөнийг хэлэхэд бэрх болжээ.
Түүнчлэн антибиотик их хэрэглэснээр мөөгөнцөр үүсэх, олон антибиотикийн тэсвэржилттэй болж байгаагаас гадна сул идэвхтэй антибиотикоос болж өвчин хүндэрч,
архагшиж байна. Үүгээр ч зогсохгүй эмийн харшил, хордлогод өртөх иргэдийн тоо өссөн төдийгүй шинэ өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлж эхэллээ. Тухайлбал, эмийг удаан хугацаагаар ууснаар ходоод шархлах, цөс, бөөр чулуужих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хамгийн аюултай нь эмийн замбараагүй хэрэглээ, олон эмийн дасал нь эргээд өвчний оношилгоо эмчилгээний стандарт болон клиник удирдамж хэрэглэх боломжгүйд хүргэж, эмнэлэгт эмчилгээний зардал өсч байна. АНУ-д гэхэд ганцхан эмийн дасалтай болсон өвчтөнг эмчлэхэд эмчилгээний зардал нь 5000 ам. долларт хүрчээ. Харин монголд эмнэлгийн эдийн засагчид ийм эмчилгээний зардлыг гаргаагүй байна.
Монгол Улсад жортой олгох эмийг жоргүйгээр олгох явдал энгийн үзэгдэл мэт болсон нь эм худалдан авч байгаа иргэд, жоргүй эм олгож байгаа эмийн сан-эм зүйчдийн хариуцлагатай шууд холбоотой.
Иргэд нь эмийн сангаас жоргүй авдаг нь эмийн хор хөнөөлийн талаар тодорхой мэдлэг мэдээллээр дутмаг байгаагийн илрэл. Эмч нар нь жор бичдэггүй, бичсэн жор нь шаардлага хангахгүй байдгийн зэрэгцээ эмийн сан нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байна. Энэ бүхэн эргээд эмийн замбараагүй хэрэглээг үүсгэж хамгийн гол нь Монгол хүний бие болоод ген, Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Сэтгүүлчийн дүгнэлт
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эм, эмнэлэгийн хэрэгслийн чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан эмийн сангуудад шалгалт хийж, зөрчил илрүүлдэг нь үнэн. Харин эмийн сан, эмнэлэг, хувь хүн, худалдааны захын лангуун дээр зарагдах хуурамч эмэнд хяналтаа бүрэн төгс тавьдаггүй. Боломж ч үгүй. Тэдэнд хэн, хаана гар дээрээс, хуурамч, эрүүл мэнд амь насанд хортой эм зарж байгааг шалгана гэдэг бүтэшгүй санагдаж байгаа нь лав. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүйгээс гадна хаяг шошго нь оригналаасаа шал ондоо эмийг эмийн сангууд худалдах нь элбэг байна.
Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэжээ. Үүнээс 170 нэр төрлийн эмийг түгээмэл хэрэглэдэг гэх судалгаа бий. Түүнчлэн 34 эмийн үйлдвэр, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тэдгээр эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй.
Учир нь эм хийх бүтээгдэхүүнээ их хэмжээгээр оруулж ирэн савлаж зарах, эмийн сангууд хувь хүнээс юм уу захаас эмээ худалдаж авах зэргээр хадгалалтын горимоо алдаж, чанар нь мууддаг тухай мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Гэтэл иргэд чанараа алдсан, хугацаа нь дууссан, хэрэглэхийг хориглосон, химийн хортой найрлагатай эмийг хоол шигээ идсээр, бас хордсоор байна.
Өвчнөө эмчлэх нэрийдлээр дахин өвчин хурааж буй иргэдээ эмийн зохистой хэрэглээнд сургах цаг болжээ. Нөгөө талаар Эмийн худалдаанд тавих хяналтыг ганц Мэргэжлийн хяналтынханд үүрүүлэх бус салбар хариуцсан яам, хэрэгжүүлэгч агентлагууд анхааралдаа аваасай. Үнэхээр л “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” юм бол ЭМЯ-аас эхлээд хяналт шалгалтын байгууллага, хувь хүмүүс хүртэл хариуцлага ухамсраа өндөрсгөж, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах цаг болжээ.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
irged tatgalzah bish hariuzsan toriin bolon mergejliin baiguullaguud , emch nar ajlaa zov hiihgui baina shyydee, eryyl mendiin yam yu hiij baidag um be,,,,emiin sanguudiin ajliig hen hariuzdag um be ??? huuramch em bolon har zahiin emiin naimaag hen shalgaj ilryyleh estoi um be ???? ene talaar survaljlah heregtei shdee