Ван Гогийн өрөөсөн чих хаачив?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 06

                      “Шургуу хөдөлмөрийн ачаар гар мэдрэмжинд захирагддаг.”

                                                                                                                  Винсент Ван Гог

 Ван Гог өрөөсөн чихээ тасдчихсан юм гэнэ лээ. Ертөнцийн дуу авиаг эгэл жирийн сонсдог Поль  Гогенд  ”Дабл”чихээр сонсог гээд үнэнч нөхөрлөлийн билэгдэл болгоод  илгээсэн гэдэг дам яриа бий.

Үнэн худлыг нь мэдэхгүй. Ямар ч байсан өрөөсөн чихээ боосон өөрийгөө зурсан хөргүүд байдаг.

1990 онд Москвад Хэвлэлийн дээд сургууль төгсөх жил надад Германы Дрезден хотод зочлох завшаан тохиож билээ. Дрездений галерейд зочлоод цөөхөн хэдэн орос хэл дээр ном худалдан авсны нэг нь Ван Гогийн ном  байж билээ.

Долоон  сарын сүүл хавийн нарлаг сайхан өдөр яагаад ч юм гэнэт номоо дэлгээд найз нартаа гайхуулах гэтэл 1890 оны 7 сарын 29 –ны энэ өдөр алдарт зураач нас барсан өдөртэй яг зуун жилийн ой нь өдөр сонин учралаар  таарсан юм.

Ирээдүйн зураач дизайнер болох Б.Нямдорж, Х.Отгобямба,  Д.Цогтбаяр нарын бидний хэдэн залуус  энэ тохиолдлыг билэгшээн ойролцоох “Цагаан шөнө” шар айргийн газар жаахан тухалж билээ.

Импрессионист урлагийн гол төлөөлөгчдийн нэг Голландын зураач Винсент Виллем Ван Гог 1853 оны 3 сарын 30 –нд Грот Зюндерт хотноо мэндэлжээ.

Түүний эцэг Теодор Ван Гог протестант шашины номлогч харин ээж Анна Корнелия Карбентус нь Гаага хотын нэрт номын хавтаслагч номын дэлгүүрийн худалдаачины охин ажээ.

Хэдийгээр түүний дээд талын хүүхэд эндсэн ч тэрээр айлын ууган хүү болсон юм.

Тэрээр 5 дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд ажээ.

Винсент багадаа дуугүй томоотой хүүхэд байсан гэнэ.

Тэрээр бага сургуульдаа Франц, Англи, Герман хэлийг сайн эзэмшсэн ч 1866 онд сургуулиа нэг мөсөн хаяж эцгийн гэртээ иржээ. Ван Гог хожим хүүхэд насаа дурсахдаа” Миний бага нас бүрхэг, хоосон хөндий мэт өнгөрч билээ гэж дурссан байдаг.

  1869 онд Винсент  Лондонд  салбраа нээсэн  Цент ахынхаа урлагийн арилжааны  “Goupil & Cie” пүүст орон өдөр бүр урлагийн бүтээлүүдийг үнэлэн худалдаалах ажил эрхэлж байсан нь хожимын уран бүтээлд нь сайнаар нөлөөлжээ.

Ван Гог арилжаа наймааныхаа ажлын хажуугаар хотын үзэсгэлэн музейнүүдийг байнга үзэж Жан Франсуа Миле, Жюль Бретон нарын зургийг ихэд хүндэтгэн бишрэх болжээ.

Эцгээсээ ч илүү наймааны одтой байсан тэрээр Хакфорд Роуд-87 гудманд байр хөлсөлж байсан юм.

Тэрээр байрны эзэн Урсула Лойерийн охин Евгенийд хайртай байсан гэдэг яриа байдаг ч Каролина Хаанебикт дурлаж байсан баримт байдаг аж.

Дурлалт бүсгүй нь тоогоогүйд гутарсан Ван Гог бүхий л ажлаа орхин Библийн судар судлан шашинг бишрэн шүтэх болжээ.

1876 онд Винсент Англид буцан ирж Реймсгейтийн дотуур байранд сүмийн идвэхтэн багшаар цалингүй ажиллах болжээ.Удалгүй тэрээр Лондон орчмын Айлвортод номлогчийн туслахаар томилогдон ядуучуудад зориулан анхны сургаалаа ч айлджээ.

Гэвч удалгүй эцэг эх нь ятгасанаар Ван Гог Англиас эргэн ирж Голландын Дордрехтийн номын дэлгүүрт ажиллах болжээ.

Дэлгүүрийн лангууны ард суух уйтгартай хойно тэрээр чөлөөт цагаараа таталбар зураг зурж Библийн судрыг Герман, Англи, Франц хэлнээс шамдан орчуулах болов.

1877 оны 5 сард  Ван Гог Амстердамд авга ах адмирал Ян Ван Гогийнд ирж шашны дээд сургуульд элсэлтийн шалгалтанд бэлдсэн ч төдийлөн амжилт ололгүй Брюсель орчмын Лакенд шашины зан үйлийн 3 сарын дамжаанд амжилттай суралцжээ.

1878 оны 12 сараас тэрээр  Бельгийн Боринажийн ядуучуудын уурхай руу номлогчоор томилогдон очиж байв. 

1880 оноос уран зурагт шимтэн Брюселийн уран зургийн академи болон Антверпений  А.Мауве зэрэг нэртэй зураачдаас зөвлөгөө авах болжээ.

Тосон будгаар бүтээсэн зургууд нь амжилт олж “Нюэненегийн протестант сүмийн гарц \1884-1885\,”Тариачин эмэгтэй”\1885\,”Төмс идэлт”\1885\,” Нюэненегийн хуучин сүмийн цамхаг”,”Шаахай” зэрэг зургуудаа зуржээ.

1886-1888 онд Ван Гог Парист ирж европ даяар алдартай П.Кормоны урланд суралцан импрессионист чиглэлийг сонгон туурвих болсон төдийгүй Японы алдарт бар зургуудаас суралцжээ.

Энэ жилүүдэд Винсент уран бүтээлийн дотны нөхөр Поль Гогентай дотно найзалж эхэлсэн юм. Тэд зэрэг  суугаад зурсан наранцэцгийн зургууд үнэхээр гайхалтай.

 Чухам энэ үеэс түүний уран бүтээлд хурц тод өнгүүд ноёлох болжээ.

Ван Гогийн бийрийн аясаар “Агостина Сегатори “Тамбурин”кафед”,”Танги аав “,”Парис дахь Теогийн байрнаас харагдах Лепик гудамжт ” зэрэг өвөрмөц шийдэлтэй эрчимт зураастай зургууд нь төрлөө.          

1888 онд Ван Гог Арльд очсоноор жинхэнэ өөрийн гэсэн өвөрмөц содон арга барилаа олж авсан юм.

Түүний зурагт нарлаг шар өнгө болон наранцэцгийн сэдэв зонхилох болсон юм.

“Шар байшин”, ”Гогений буйдан”, ”Шөнийн кафе” болон Наранцэцгийн цуврал зургуудад нь энэ аяс тодорхой мэдэгддэг.

 Хорвоод гучин долоохон наслахдаа  Ван Гог зөвхөн сүүлийн арван жилийг л урлагт зориулсан байдаг.

 Тэрээр амьддаа цорын ганцхан “Усан үзмийн тариаланчид”  зургаа зарсан юм.

Ядуу тарчигхан амьдарч байсан тэрээр амьддаа цорын ганцхан зургаа зарсан нь “Усан үзмийн тариаланчид” зураг юм.1890 онд Анна Бох гэгч зураач эмэгтэй энэхүү зургийг худалдан авч зураачийн магнайг тэнийлгэж байсан гэдэг.Одоо алдарт зураг Москва хотын А.С.Пушкиний нэрэмжит  дүрслэх урлагийн музейд хадгалагдан байдаг.Өндөр ханшаараа энэ зураг дэлхийд Леонардо да Ванчийн “Жоконда” зургийн дараа Гиннесийн номонд бичигдсэн байдаг.

Ван Гог 1888-89 онд шуудан зөөгч Ролений гэргий нүдэнд дулаахан махлаг эмэгтэйн хөргийг бүтээжээ.

“Энэ эмэгтэйн ярьж байгаа нь яг л бүүвэйн дуу мэт сонсогдох юм” гэж өгүүлээд зураач “Бүүвэйн дуу” гэж сайхан нэр хайрласан байдаг.

Ван Гог амьдралынхаа сүүлчийн долоо хоногт хамгийн сүүлчийн бүтээл болох алдарт “Хэрээ суусан улаан буудайн талбай” зургаа зурж дуусгасан байдаг.

Сүүлийн жилүүдэд  тэрээр сэтгэцийн согогтой болон Арль болон Сен Реми де Провансид сэтгэл мэдрэлийн эмнэлэгт Гаше эмчээр эмчлүүлж байжээ.

1890 оны 7 сарын 29-ны өдөр  Ван Гог өөрийгөө буудан амиа хорлосон байдаг.

Бүтэн 29 цагийн турш шархандаа шаналан байхдаа Винсент Ван Гог дүү Теодоо “Уйтгар гуниг гэдэг мөнхөд хэвээрээ үргэлжлэх болно” гэж хэлж байсан гэдэг.

Тео бол түүний хувьд авралын сахиусан тэнгэр жинхэнэ  ивээн тэтгэгч нь байсан юм.Үргэлж мөнгөний гачаалд ордог түүнд дүү нь хангалттай мөнгө илгээдэг байсан юм.

Шашинд үнэн голоосоо итгэдэг Ван Гог дүүгээсээ мөнгө хүссэн захиа бичиж байхдаа хэнд тус болон мөнгөө хуваалцахаа бодож суудаг өгөөмөр сэтгэлт нэгэн байжээ.

2011 оны 10 сард АНУ-ын урлаг судлаач Стивен Найфех болон Грегорои Уайт Смит нар түүнийг сахилгагүй хүүхэд санамсаргүй буу алдаад буудчихсаныг Ван гог ялыг нь өөрөө хүлээсэн гэдэг сонирхолтой таамаг баримт түшин дэвшүүлсэн байдаг.

Түүний нас барсаны дараахан Брюсель,Парис,Гаага,Антверпен хотуудад дурсамж үзэсгэлэнг зохион байгуулсан юм.Мөн ХХ зууны эхээр Парис\1901-1905 \,Кёльн \1912\, Нью-Йорк\1913\, Берлин\1914\ хотуудад алдарт зураачийг үзэсгэлэнг гаргаж байжээ.

Наранцэцгийг олон янзаар зурах дуртай түүний шарил дээр энэ сүрлэг цэцгүүдийг тарин ургуулсан байдаг гэнэ лээ.Хожим дүү Тео нь насан эцэслэхэд  алдарын титмийг амьддаа атгаж чадаагүй ч насан туршдаа хүндэтгэн дэмжиж ирсэн хайрт ах Винсентийн нь дэргэд  оршуулжээ.

  Өнөөдөр Ван Гогийн зурсан зураг бүхэн урлагийн бирж дээр дэлхийн хамгийн үнэтэй зургуудын ханшийг тодорхойлон байдаг.

Зөвхөн 2011 онд гэхэд түүний зурсан “Доктор Гашегийн хөрөг”,”Шуудан зөөгч Жозеф Ролены  хөрөг,”Ирис” зэрэг зургууд нь нийт 100 сая долларын үнэд хүрсэн байдаг.

1993 онд түүний зурсан “Агар модтой улаан буудайн талбай “ зураг нь 57 сая доллароор зарагдаж байсан нь тухайн үедээ санаанд багтахын аргагүй өндөр ханш билээ.Түүний” Чихээ боосон гаанстай хөрөг “зураг нь 1990 оны сүүлээр 80-90 сая долларын үнэд хүрч байсан юм.

Ван Гог  дүүдээ бичсэн өөрийн сүүлчийн захиандаа “Надад энэ хорвоод үр хүүхэд заяасангүй.Харин хэдэн муу зураг минь миний удмыг залган үлдэх болно “ гэсэн нь үнэн ажээ. Экспрессионист хандлагатай түүний уран зургийн зоргоор зорчих эрх танхай  уран зураасууд Виллем Кунинг,Говард Ходжкин болон Жексон Поллок нарын бүтээлд тусгалаа олсон байдаг.

Винсент Ван Гогийн уран зургийн хандлагийг  ХХ зууны  орчин үеийн модернист урлагийн төрөл болох постимперссионист, экспрессионист,фовист чиглэлийн урсгалын төлөөлөлд хамааруулан үзэх нь бас бий.

2009 оны 10 сараас 2010 оны нэг сар хүртэл Амстердам хотноо түүний захидлын үзэсгэлэн гарсан бөгөөд үзмэрийг үрэлжлүүлэн 2010 оны 4 сар хүртэл Лондоны эзэн хааны уран зургийн академийн байранд дахин үзэсгэлэн зохион байгуулж байсан юм.

 Саяхан болсон дуудлага худалдааны арилжааны ”Profiles in history “ бирж дээр Голландын алдарт зураач Винсент Ван Гогийн 1890 оноор хаяглагдсан захиа 280 000 доллараар зарагдсан талаар орон нутгийн мэдээллийн сайт мэдээлжээ.

Тус захидлыг мэргэжилтнүүд тооцолсон үнэндээ тохирсон арилжаа боллоо гэж үзэж байгаа юм.

Өнөөдөр түүний зурсан бүхэн бичсэн захидлын хэсэг нь ч өндөр үнэд хүрч байна.

Хэрвээ түүний амьд сэрүүнд нь өнөөдөр тэнгэрт тултал үнэ хүрсэн  ердөө ганцхан захианы нь хирийн мөнгө өөрт нь байсан бол ядуу зураач нэг сар ч болтугай гэдэс цатгалан, мөр бүтэн явах байсан биз.

Л.Мөнхбат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дло(103.10.23.107) 2025 оны 03 сарын 13

оооүло

1  |  0
buya(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

зураач нар өөр бичдэг юмаа

1  |  0
Omar(103.10.22.96) 2025 оны 03 сарын 13

Thank s lumo

1  |  0
tsogt(112.72.12.149) 2025 оны 03 сарын 13

Ван гог-г зураач Нацагдорж бас бичсэн байна 2 дахь нь Лумо боллоо

1  |  0
Top