Нэгэн үе манай олны танил уран бүтээлчид хүмүүнлэгийн сан байгуулж, хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүслээр бадарч явсан ч өдгөө энэ талаар бараг дуугарахаа больж. Хүүхэд ч үгүй, хүмүүнлэгийн сан ч алга. Арлын оронд сурч боловсрохын сацуу уран бүтээлээрээ олонд танигдаж явсан дуучин Д.Оюунтүлхүүр тухайн үед өөрийн нэртэй хүмүүнлэгийн сан байгуулж байсан удаатай. Амьдралын боломж муутай хэдэн айлд тусламжийн хувцас хунар тарааж, бяцхан сурагчдыг хичээлийн хэрэгсэлтэй болгож байсан дуучин бүсгүй энэхүү хүмүүнлэгийн ажлаа төд удалгүй орхисон. Гавьяат жүжигчин Т.Ариунаа ч нэг хэсэг НҮБ-ын хүүхдийн элч дуучин гэх хүндтэй алдрыг зүүж явсан цаг бий. Энэ ч утгаараа, хүүхдэд зориулсан уран бүтээлээр занималдаж явахдаа рок попын уран бүтээлчдийг хүртэл хүмүүнлэгийн үйлст уруу татсан. Хаана хүүхэд харагдана, тэнд Т.Ариунаа явж байдаг тийм л дүр зураг хүмүүсийн сэтгэлд хоногших шахсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
“Ариун сэтгэл” сангийнхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан нэлээд хөл хөдөлгөөнтэй явсан гавьяат маань сүүлийн хэдэн жил мөн л хүүхдүүдээ мартсан хүмүүнлэгийн элч дуучин болж хувирах нь тэр. Намбалаг төрхөө гээж, эрос стилиэ эргээд бүрдүүлсэн түүнийг харвал хүүхдийн элч дуучин гэхэд хэцүүхэн л санагдах. “Нарны хаан хүүхэд” дуугаараа олны сэтгэлийг уярааж “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” хэмээн уриалж байсан тэрбээр гэнэтхэн л “Дурлал шиг асна” хэмээж доргио дуугаар бөмбөгдөөд эхэлсэн. Сүүлдээ бүр хүүхдийн дуугаа мартаж орхиод хачин гоё хайрын тухай мөрөөдлийг дэлгэх нь тэр. Ийн хүүхдийн төлөөх хүслээ орхисон түүний залгамж халааг О.Анхбаяр гардан авч, хүүхдийн элч дуучин болов. Мань эр нэг хэсэг Улаан загалмай нийгэмлэгийн арга хэмжээнд үзэгдэх төдий явж байсан ч, дуучин Б.Халиунаатай гэрлэснээс хойш дуу хоолой нь илт чангараад ирсэн. Хандивын тоглолт хийж, асрах төвүүдээр зочилсон дуучин хос нэлээд олон хүмүүнлэгийн ажил хийсэн гэж өөрсдийгөө сурталчилдаг. Үнэн хэрэгтээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар зүйл төдийлөн харагддаггүй гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Хүүхдийн нэрээр баахан шоудаж байсан дуучин хос өдгөө хайрын дуутай цомог, тоглолтондоо анхаараад юун хандив, сайн үйлс манатай яваа. Тэдний араас зүтгэсэн олны дотор гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Ану, beatbox Ray, Ноён Бондгор, С.Сэрчмаа зэрэг нэлээд хэдэн уран бүтээлч багтжээ. Харин хүүхдийн төлөө “за” гэж хэлэхээр зүтгэсэн оддын зүтгэл төдийлөн тууштай байж чаддаггүй нь юутай холбоотой бол. Магадгүй, уран бүтээл болон хувийн ажлаасаа шалтгаалаад энэ асуудалд тэр бүр анхаарч амждаггүй гэж ойлгож болох л юм.
Энэ мэт оддын сенсааци манай мисс, загвар өмсөгчдөд таалагдсан уу, яасан. Титэм зүүсэн хүүхнүүд бүгдээрээ л “Хүүхэд багачуудын төлөө хамаг бүхнээ зориулна” гэж ирээд л шоудаж эхэллээ. Шоу гэсний учир гэвэл, тэдний амлалт биелсэн нь ховор байдагтай холбоотой. Шуудхан хэлбэл, хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөр орж хэд гурван бэлэг тарааснаа хүмүүнлэгийн ажил гэж ичих ч үгүй тайлбарлах гээгүй л юм бол тэдэнд “Хийсэн ажил маань энэ” гээд харуулчих зүйл түй ч алга. Ямартаа л, хүүхдийн нэрээр түрий барьж өөрийгөө сурталчилсан миссүүдээс чухам хэдийд энэ “үлгэр” нь биеллээ олохыг асуухаар “За, даа. Тэгж байгаад л нэг юм хийнэ дээ” хэмээн улаан цайм мэлздэг. Ёстой л өнөө, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Чи минь байгаа хойно” дуунд гардаг шиг “Болно доо, болно” гээд хээвнэг сууж байдаг улс даа. Тэгсэн атлаа өөрөө ч итгэхгүй байгаа энэ үлгэрээ энд тэндгүй яриад явж буйг харахаар өмнөөс нь ичээд яс хавтайх шиг эвгүй санагдах юм. Хөндлөнгөөс харвал нэг л их хүүхдэд хайртай, тэдний төлөө өдөр шөнөгүй сэтгэлээ “чилээсэн” хүмүүс байх юм. Гэтэл үнэн хэрэгтээ, тэд гудамжинд хөлдчих шахам сууж буй гуйлгачин жаалуудын тухай ч бараг сонсоогүй шахам “тэнгэрийн амьтад” байх нь олонтаа.
Аргагүй л дээ, үнэтэй машинд тухлаад өргөө гэрийнхээ үүдийг зорьдог эрхэм миссүүдэд гудамжаар алхаж, гуйлгачин жаалуудыг харах “зав” гардаггүй юм чинь. Тийм болохоор л амьдралын боломж муутай, ядарсан хүүхэд багачуудын тухай зөвхөн улсын асран хүмүүжүүлэх төвөөр л төсөөлдөг болов уу. Манайдаа л гайгүй нэр хүндтэй гэгддэг топ модель, мисс, загвар өмсөгчид нь ам нээх болгондоо “Хүүхэд” гэж ярих дуртай болоод байгаа нь нууц биш. Гэвч хийж, хэрэгжүүлсэн зүйл нь тоотойхон байхаар өөрийн эрхгүй чамлагдана. Гарын алга тэнийлгэж, гайгүй хэдэн хэдэн ажил хийсэн нь гэвэл мисс Б.Гантогоо, Т.Ундармаа нар л байх шив дээ, одоогийн байдлаар. Тэд хөдөө орон нутгийн сургуульд номын сан нээж, компьютер бэлэглэн, өнчин ядуу хүүхдүүдэд боломжийн хэрээр тусалсан гэдэг. Харин сүүлийн үеийн шинэхэн миссүүд цаашид чухам юу хийхээ ч төлөвлөөгүй байж хүүхдийн нэр барин, даналзаж явахаа болимоор юм. Нэр нь ч бараг сонсогдоогүй шахам хүмүүнлэгийн сан байгуулснаа ярьж, энэ тэр газарт очиж ганц хоёр бэлэг гардуулах гэж буйгаа сүр болгон зарлаад л хэвлэлийнхнийг дуудаж буй хүн ч тэдний дунд мэр сэр бий. Өнөө цагт санаа зовоож буй олон асуудлын нэг нь яах аргагүй хүүхэд мөн. Гэхдээ хэн дуртай нь тэдний нэрийг барьж санааны зоргоор чалчиж, элдэв сурталчилгаа хийх нь утгагүй зүйл. Яагаад гэвэл, хүүхэд бол хэн нэгний нэр хүндээ өсгөх, өөрийгөө ичгүүргүй сурталчлах халхавч биш шүү дээ. Үнэхээр тэгж хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө санаа зовниж, чин сэтгэлээ зориулах хүсэлтэй юм бол хэлж ярьсан шигээ хийж чаддаг байгаасай. Хэтдээ бүтэхгүй амлалт, хоосон ярианы хавчуурганд хүүхдийг битгий ашиглаасай гэж хэлмээр байна, олны танил эрхмүүдэд.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )