Монголын хүүхэд залуучуудын дунд олон жил яригдаж, сэтгэл эмзэглүүлж байсан Хүүхдийн паркийн асуудлыг МЗХ-оос олон нийтэд дэлгэн тавьсан. Үүний хүрээнд өрнүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн өнөөдөр маш өргөн хүрээнд, олон салбарт асуудал болон тавигдаж, олон нийтийн дэмжлэгийг аван дэмжигчдийн хүрээгээ тэлсээр байгаа нь энэ асуудал өөрөө хэр их ач холбогдолтой болохыг харуулж байгаа билээ. Тиймээс “Паркаа аваръя” хөдөлгөөн цаашид албан ёсоор, илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага урган гарч иржээ.
Өнгөрсөн 10 сарын 15-нд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат паркийн газрын асуудалтай холбоотой нэр бүхий компаниудын захирлуудад тодруулга хүсэх албан бичгийг явуулсан. Үүний дараа тухайн байгууллагуудаас тодорхой хариулт албан ёсоор ирээгүй тул Төрийн ордоны “Иргэний танхим”-д Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн газрын алба болон, нэр бүхий компаниудын төлөөллүүд, олон нийтийн байгууллагуудын залуус оролцон байр сууриа илэрхийлсэн билээ. Хэлэлцүүлэг ч тодорхой хэмжээнд ач холбогдлоо өгч олон жил бүрхэг нууцлагдмал байсан, олон асуултын хариуг нийтэд өгч чадсан. Гэвч энэ бол зөвхөн эхлэл байсан. Учир нь өнөөдөр ч Паркийг хүүхдүүдээс нь булаасан уу, бултуулсан уу, цаашид хэрхэн талаар олон асуудлууд асуултын тэмдэгтэй хэвээрээ байна.
Тиймээс “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн 11-р сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Энхболд, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны тэргүүн Ч.Сономдагва, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Залуучуудын Хорооны дарга Б.Рагчаа, Нийслэлийн Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Батбаатар зэрэг Монголд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар:
1. Нээлттэй хэлэлцүүлгээс хойш өнөөг хүртэл 1 сарын хугацаанд паркийн асуудлаар ямар зүйлүүд өрнөв, олон нийт, иргэд, хүүхэд залуус хэрхэн хүлээн авч байна
2. Цаашид энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэвэл оновчтой шийдэл байж, Монголын хүүхэд залуучуудад хэрэгтэй, үр дүнтэй байх талаар олон нийтийн санаа бодлыг тусган тодорхой саналуудыг боловсруулж , цаашлаад хуулийн төсөл болгон боловсруулах зайлшгүй шаардлага урган гарч ирж буй талаар
3. Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн засаг дарга, УБ хотын захирагч Э.Бат-үүл, болон холбогдох албан тушаалтнуудад хүсэлт илгээж байгаа тухай.
Үүнд:Паркийн газрыг хүүхэд залуучуудад зориулагдсан бусаар ашиглахыг зогсоож, энэ асуудалд анхаарлаа хандуулах, (2012 оны төсөвт Ерөнхий сайдын багцын 50 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад паркийн асуудлыг оруулах )
4. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шударга үнэний дуу хоолой болох зарчмаа баримтлан Хүүхдийн паркийн асуудлаар “Паркаа аваръя” хөдөлгөөний үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, дэмжин ажиллахыг уриалах,
5. МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлэн явуулж буй “Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд нийт эцэг эхчүүддээ хандан 1111 дугаарын утсанд паркийн асуудлаар хүүхдүүдийнхээ хүсэл бодлыг дамжуулж өгөх болон өөрсдийн бодлоо илэрхийлэхийг уриалах зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд тодорхой хариулт өгсөн юм.
Дашрамд дурдахад “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөсөн өнгөрсөн 1 сарын хугацаанд олон нийт залуус тун идэвхтэй байгаа бөгөөд олон тооны хүүхэд залуучуудын байгууллагууд хүртэл албан ёсоор нэгдэхээ илэрхийлээд байна. Цахим ертөнцийнхөн гэгддэг фээсбүүкчин, твитерчин залуус ч энэ ажлын гол дэмжигчид байж, “Паркийн газрыг чөлөөл” нэртэй групп нээж, түүгээр нь олон мянган залуус дэмжиж буйгаа илэрхийлэн, цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой талаар шинэ санаанууд илгээсээр байна. Мөн паркийн асуудлыг нааштай шийдэлд хүртэл паркийн газраас хумсалсан эрхмүүдийн гар утсанд залуус тасралтгүй мессеж бичиж буй бөгөөд цаашлаад тайван жагсаал цуглаан хийх талаар ч саналууд ирсээр байгаа юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )