Д.Ариунцэцэг: Би нисэхийн тулд сөрж сурсан

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Бид сайхан бүсгүйчүүдийг хараад дуу алдан бахaддаг хэрнээ нөгөө талаар үгүйсгэж, тэвчишгүй муухай ааш аяг гаргаж байдаг ч юм шиг. Эсвэл зүгээр л гоё сайхан эмэгтэй гэдгээр нь хүлээж аваад бидэнтэй л адил зүрх сэтгэлтэй, зовж жаргадаг нэгэн гэдгийг нь ор тас мартаж орхино. Ард түмний мисс хэмээн өргөмжлөгдсөн Д.Ариунцэцэг бусад олны танил сайхан бүсгүйчүүдийн л нэгэн адилаар хүмүүсийн жиг жуг хийх, сайн муу үг бүхнийг хангалттай сонссон. Одоо  ч түүний талаарх сайн муу мэдээллүүд хөвөрдөг нь хэвээрээ. Хүмүүс түүний хэн бэ гэдгээс илүү хувийн амьдралыг нь сонирхож, харж ажиглаж байдаг. Гэтэл тэр бусдын л адил эмэгтэй хүн, эх хүн. Бас залуу хүн. Энэ л хувь хүний гэсэн мөн чанарын эрэлд UPTOWN уншигчдынхаа хамт гарахыг хүслээ.
-Таны бага нас Эрдэнэтэд өнгөрсөн гэдэг. Тэгэхээр таны амьдралд энэ хоттой холбоотой олон дурсамж үлдсэн байх?
-Тийм шүү. Намайг жаахан байхад гэр бүл  маань ажлын шугамаар Эрдэнэт рүү шилжсэн юм. Тэгээд 10 жилээ төгстлөө Эрдэнэт хотод амьдарсан. Миний  хүүхэд ахуй насны хөгжилтэй сайхан дурсамжууд энэ л хотын хөгжил цэцэглэлттэй зэрэгцэн мартагдашгүй гайхалтай өнгөрсөн. Би Эрдэнэт хотын Баян-Өндөр цогцолбор сургуулийг төгссөн. Гуравдугаар ангиасаа бүжиглэж өөрийгөө нээж эхэлж байлаа.
Хотоо  төлөөлж Улаанбаатарт ирж тэмцээн уралдаанд их оролцдог хүүхэд байсан. Эрдэнэтэд анх удаа зохион байгуулагдаж байсан “Монголжингоо” тэмцээнд  ээж, эгч хоёр маань ороод үзэх саналыг тавиад бэлтгэж эхлэхэд найзууд маань их гайхаж билээ. Тэр талын ямар ч ойлголтгүй, эршүүд талдаа хүүхэд ийм тэмцээнд орно гэхээр санаанд нь буухгүй байсан байх. Гэтэл ороод түрүүлсэн чинь найзууд маань дэмжээд улсын “Монголжингоо” анхдугаар наадамд мөн л түрүүлж миссд орох эрхээ авч байсан. Би хувцас загвар, миссийн тэмцээн гээд энэ төрлийн ертөнцийг сонирхдог ч үгүй, мэддэг ч үгүй байж байгаад ийм амжилтанд хүрсэн нь маш их урам зориг өгсөн.
-Таныг эршүүд байсан гэж ер төсөөлж чадахгүй юм байна.
-Би гурван охинтой айлын дундах нь. Дөрвөн эмэгтэй хүний дунд аав ганцаардана шүү дээ. Тэгэхээр хэн нэг нь хүүг орлох шаардлага гарна. Тэр нь би байж таарсан байх. Аавыгаа дагаад юм хийгээд, машин барих гэх мэтээр хар багаасаа л эрэгтэй хүүхдүүдийн хийдэг бүхий л зүйлийг хийдэг байсан. Тийм болохоор ч тэр юм уу анх миссийн тэмцээнд орохдоо эмэгтэйлэг байх гэж их хичээсэн.
-Таны аав, ээж юу хийдэг хүмүүс байдаг вэ?
-Манай эцэг эх одоо ч гэсэн Эрдэнэт хотдоо амьдардаг. Аав маань Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Дорж гэж хүн бий. Ээж маань мөн л ГОК-д ажиллаж  байгаад одоо хувьд гарсан.


-Хүний амьдрал үе залгамжилж байдаг. Аав ээжийн тань таныг хүмүүжүүлсэн, өвлүүлсэн хамгийн чухал үнэт зүйл нь юу вэ? Ертөнцийг үзэх үзлийг тань төлөвшүүлсэн тэр зүйлсээс та ч мөн охиндоо өвлүүлэх байх?
-Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүлийн хүмүүжил. Тэр хүн хэн бэ гэдгийг гэр бүлээс нь олж хардаг. Би эцэг эхийн хайр халамж, халуун дулаан уур амьсгалд өссөн. Миний нүдэн дээр ээж маань аавд хэрхэн хүндэтгэлтэй хандаж халамжилж байгаа нь надад хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлж байсан хамгийн том үлгэр дуурайлал болж үлдсэн. Дээхнэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ тойруулж суулгаж байгаад алтан сургаалаа хэлдэг байсан гэдэг. Харин орчин үед эцэг эх үр хүүхдэдээ үйлдлээрээ сургаалаа үлдээдэг болчихсон гэж боддог.  
Аав маань хэзээ ч битгий хүнд худлаа хэлж бай. Муу нуухаар сайн илчил гэж захидаг. Үнэн юм үнэнээрээ сайхан, муухай ч байсан үнэн л бай гэж хэлдэг нь тархинд маш тодоор бичигдэж үлдсэн. Аав, ээж хоёроосоо олж харсан миний хамгийн үнэт зүйл бол чин сэтгэл. Аав ээжийг маань мэдэх, мэдэхгүй хэн бүхэн бүх зүйлд үнэхээр сэтгэл зүрхнээсээ ханддаг юм байна гэж хэлдэг. Энэ л чин сэтгэлийг би ч гэсэн охиндоо өвлүүлнэ.
-Ээж болсны дараа танд ямар мэдрэмж төрж байв?
-Ээж болно гэдэг бол эмэгтэй хүн болж төрсний хамгийн сайхан мэдрэмж. Ээж болсныхоо дараа би эмэгтэй хүн болж төрсөндөө үнэхээр их баярласан. Тэгж их баярлаж үзээгүй. Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж байсан... Аз жаргалыг минь дагаад Монголын ирээдүйн иргэн хүнийг бэлтгэх гэдэг маш том хариуцлага ирсэн .
Ингээд ярьсан чинь охиноо бүр саначихлаа. Манай охин маш эмэгтэйлэг. Дэлгүүр энэ тэрд ороод өөртөө юм сонгож байгаа нь, юманд хүрч байгаа нь хүртэл маш намбалаг. Би багадаа тийм байгаагүй болохоор гайхдаг юм. /Инээв.Сур/
-Охины тань нэр огт сонсч байгаагүй ховор нэр санагдсан. Хэн өгсөн бэ?
-Ховор, магадгүй анхных нь байж магад. Аливаа хүний нэр цаанаа утга агуулгатай байдаг шүү дээ. Охины минь нэр хүний амьдралын утга учир болсон хайр гэдэг үг, санскритаар эх үндэс, ээж гэсэн утгатай “маа” гэдэг үгийн нийлбэр. Энэ утгаараа хүний хайрыг хүлээж бас бусдад хайрыг харамгүй түгээсэн сайн хүн болоорой гэж аав нь өгсөн.  
-Загварыг залуу насны ажил гэдэг ч та одоо залуу сайхнаараа байна. Цаашлаад загварын ертөнцөд танд карьер бий юу?
-Анхнаасаа энэ салбарт зүрх сэтгэлээ өгч, хүсэл тэмүүлэл тээж ороогүй болохоор ч тэр юм уу тийм зорилго байдаггүй. Мэдээж гоё санал ирвэл хүлээж авна. Гэхдээ энэ бол миний залуу насны дурсамж болж үлдэх хэмжээнд л байна. Энэ салбарт орсондоо мэдээж би маш их баяртай байдаг. Гоо зүй болоод гоо сайхны талаасаа ч намайг маш их өөрчилсөн.
-Таны хувийн амьдралыг ч бас их өөрчилсөн. Та өсвөр наснаасаа л олны анхааралд өртөж, сайн муу үг хангалттай сонсч ирсэн чинь одоо ч хэвээрээ. Энэ бүхнээ эргээд харахад ямар сэтгэгдэл үлдсэн байдаг бол?
-Олонд танигдаад ирэхээр сайхан ч зүйл байгаа, харамсмаар зүйл ч бас байдаг. Олны танил болсноор бусдаас өөр амьдрах ёстой ч юм шиг. Яг адилхан бие организмтай хүмүүс мөртлөө өөрөөр үзэж хараад хувийн амьдрал руу нь хэт ороод байдаг. Хүн бүхний  амьдрал өөрийн гэсэн зовлон, жаргалтай. Зарим хүнд жаргалтай харагдах зүйлс бусдад зовлонтой санагддаг ч үе байдаг шүү дээ. Гэтэл олны танил хүн дандаа аз жаргалтай, өндөг шиг өөгүй байх ёстой ч юм шигээр хүлээж аваад байдаг нь хэцүү. Миний хийсэн алхам анхнаасаа олны танил болохыг зорьсондоо биш байсан. Ийм юм бодох ч сөхөөгүй хүүхэд насны хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд тэмцээн уралдаанд оролцож  түүнээсээ урам зориг авч өөрийгөө нээж хөгжүүлээд л  явж байсан чинь намайг шал өөр ертөнц угтаж авсан. Миссийн тэмцээнд оролцоод  маргааш нь өөрийнхөө зургийг  сонин хэвлэлүүдээс олж үзээд л, жаахан хүүхэд байсан болохоор бүхнийг сайхнаар төсөөлж байсан. Гэхдээ бүх хүнд сайхан байна гэж байхгүй. Сайхан байгаа зүйлээс хэн нэгэн заавал  муу юмыг нь олж харах гэж хичээдэг шүү дээ.


-Амьдрал биднийг алхам тутамд маань сорьж, туйлдуулж байдаг шүү дээ. Та стресс бухимдалтай үедээ яаж тайвширдаг вэ?
-Би ер нь ховор уурладаг. Гэхдээ тайван юм уу гэхээр бас биш. Хөдөлгөөн энэ тэр ер нь хурц талдаа. Огцом уурлаад байхаасаа байж байгаад нэг уурладаг. Гэхдээ тэглээ гэж бодоход удаан уурлахгүй, хэсэг хугацааны дараа уурласан зүйлээ бодохоор инээдтэй санагдаад явчихдаг. Энэ нь ч надад стресс өгөөд зовоогоод байдаггүй юм болов уу. Ер нь амьдралыг зовлонтой талаас нь биш аль болох гэрэл гэгээтэй талаас нь олж харж амьдрах юм бол бүх хүн аз жаргалтай байна. Хүмүүс зовоод байна, жаргаад байгаа юм алга гэдэг. Гэтэл жаргал гэдэг зүйлийг маш өчүүхэн зүйлээс авч болдог гэдгийг бид ерөөсөө анзаардаггүй. Жаргаж байгаа үед бид тэр цаг хугацааг хэмждэггүй, баярлаад л өнгөрчихдөг. Харин зовж эхлэнгүүт дуусах хүртэл нь цагаа хардаг. Жаргалтай байсан цагаа хэмжиж чадаагүйгээс бид зовлонтой цаг хугацаандаа л амьдраад байдаг.
Бас хүн бүхэн адилгүй гэдгийг бүх  хүн  мэддэг мөртлөө хүлээн зөвшөөрдөггүй учраас л хоорондоо маргалддаг. Нийгэмд гарч байгаа стрессүүд хүн хүндээ хандах хандлагаас л болж байгаа шүү дээ. Энэ ертөнцөд муугаасаа сайн нь их байдаг. Гэхдээ хүмүүс мууг нь түрүүлж харсаар байгаад хүний сайн чанарыг олж харахаа байчихсан, түүнээсээ болоод маш их стресс хүлээж аваад байдаг юм шиг ээ.
-Та их уншдаг, юмыг эргэцүүлж боддог юм шиг санагдлаа.
-Би өдөр тутмынхаа амьдралаас амттай зүйлийг нь олж харж, түүнээсээ таашаал авах дуртай. Бас гүн ухааны, харилцааны талын номууд унших дуртай. Шинэ сэргэг мэдээ мэдээллээр өөрийгөө, оюунаа байнга тэжээж байх нь надад таалагддаг. Сүүлийн үед, хүмүүс зуун зуунаар өөрчлөгддөг гэдэг ч биднээс олон жилийн өмнө амьдарч байсан тэр агуу хүмүүс биднээс юугаараа ялгаатай байсан болоод тийм агуу байсан юм бэ гэдэг асуултын хариуг олох гэж их хичээдэг болсон. Ер нь хүн өдөр болгон өөрөөсөө шинэ зүйл нээдэг байх аа. Хүмүүс ч гэсэн муу чанараа дарж сайн чанаруудаа нийгэмдээ өгч байвал Монгол Улсын маань хөгжил ойрхон байгаа шүү дээ.
-Та ер нь их өөдрөг хүн юм аа?
-Тийм шүү. Найзууд маань ч байнга тэгж хэлдэг. Муу, таагүй юм тохиолдсон ч гэсэн би ингэсэн байлгүй дээ гээд сайхан юм яриад явж байдаг. Бас хүн дуртайдаа, эсвэл хүссэндээ хүнд худлаа хэлдэггүй. Ямар нэгэн шалтаг байгаа болоод л худлаа ярьдаг гэх мэтээр. Ингээд ярихаар найзууд маань энэ нээрээ өөдрөг хүн шүү, ямар ч юм болсон өөрийгөө тайвшруулаад л явдаг гэдэг юм.  
-Одоо амьдралыг ингэж хардаг хүн ховор шүү. Хүмүүс яагаад ч юм нэг л бухимдуу болчихсон.
-Хүн ер нь төрсөн цагаасаа үхэх хүртлээ амьдралаас суралцдаг болохоор би гараад явахдаа ч юм бүхнийг ажиглаад явдаг. Заримдаа бүр амьдрал ямар баялаг юм бэ гэж боддог. Бүх юм сонин. Энэ ертөнц өөрөө маш агуу. Охиноо төрүүлэхдээ би нэг юм бодож байсан. Хүүхэд төрөөд дараа нь цаг тутам нүдний минь өмнө өсч томроод ирэхэд хүн гэдэг ийм өчүүхэн жаахан эснээс бүх эрхтэнүүд нь нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой ийм агуу ертөнц үүсдэг байхад бид түүнийг биширч амжихгүй шал өөр юм руу тэмүүлээд байх шиг. Өнөөдөр монголчуудыг харахад гадаад үзэмж, техник технологи, тансаг байдлыг илүүд үзсэн гадаад ертөнцийг бишрэн шүтсэн хүмүүс л байдаг. Гэтэл тэрнээс агуу юмнаас бүтсэнээ ерөөсөө анзаардаггүй.

-Би таныг өөрийгөө олон талаар хөгжүүлж нээх дуртай хүн байна гэж ойлголоо. Тэгвэл таны хувьд цаашдын зорилго чиглэл болгож тавьж байгаа, ирээдүйд таныг тодорхойлох салбар чинь юу байх бол?
-Монгол Улсын минь ирээдүйн хөгжил ямар байх бол гэж хүн болгон л бодож байгаа байх. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Зарим хүмүүс энэ сонгуулиар Монгол Улс цаашдаа байх уу, үгүй юу гэдэг асуудал шийдэгдэнэ гэж ярьж байна. Залуучууд маань ч янз бүрээр хандаж байна. Зарим нь сонгууль өгөхгүй, угаасаа бидэнтэй бидэнгүй шийдчихнэ биз гэдэг. Гэтэл бид сонгууль өгөөгүйн төлөө цаагуур нь янз бүрийн будилаан болж байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч, бууж өгч болохгүй. Эх оронч үзэл гэдэг жижигхэн зүйлээс л эхэлдэг. Монголд мундаг залуучууд зөндөө байгаа. Тэрийг нь бид буруу талаас нь илүү хараад байгаа болохоор Монгол тийм л харагдаад байдаг. Юм хийж байгаа залуучуудаа хараад дэмжээд үлгэр дуурайлал аваад нэгэн сэтгэлээр хөдлөх юм бол ирээдүйд биднээс шалтгаалах зүйл их байгаа. Тиймээс би ч гэсэн залуу хүнийхээ хувьд нийгэмд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой юм байна гэдгийг олж харсан. Яагаад ингэх болов гэхээр эргэн тойронд хүрээлж байгаа найз нөхөд маань, залуучууд ч нийгэм шал өөр болж байгаа талаар ярьж, өөрсдийн бодлыг хэлцгээж байна. Би ч тэр бүхнийг сонсож байна. Залуучууддаа хүрч ажиллаж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад миний ч гэсэн хувь нэмэр байгаасай гэдэг үүднээс нийгмийн салбарт ажиллахыг зорьж байгаа. Гэхдээ мэдээж надад сурах, үзэх юм маш их байна.
 -Сайхан бүсгүйчүүдийг хүмүүс харах дуртай мөртлөө нөгөө талаас үгүйсгээд байдаг юм шиг санагддаг. Та жишээ нь цаашдаа нийгэм рүү орно гэж байна. Гэтэл хүмүүс таныг зүгээр л нэг гоё сайхан эмэгтэй, эсвэл өмнө нь нийгэмд танигдсан байдлаар тань хүлээж аваад байвал яах вэ?
-Нисэхийн тулд эсэргүүцэл хэрэгтэй гээд нэг үг байдаг даа. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай залуу хүнд чи мундаг байна, болж байна гээд байх юм бол тэр хүн би болчихсон юм байна гээд цаашаа хөгжихгүй. Гэтэл өөрийнх нь ажиглаагүй талыг өөр хэн нэг нь олж хараад сануулга өгөх юм бол цаашаа гэрэлтэх замыг нь нээж өгч байна гэсэн үг. Эсэргүүцэл заавал байх ёстой. Гэхдээ нийгмийг хараад байхад хүмүүс буруу өрсөлддөг болчихож. Юм хийх гээд байгаа хүнийг унагаах гээд байдаг нь монгол хүний гэм биш зан юм уу даа.
Монголын залуучууд өөр хоорондоо өрсөлдөх биш дэлхийн залуустай өрсөлддөг болоосой гэж хүсэж байна.
-Олны танил байгаа тань заримдаа танд төвөгтэй санагддаг ч юм шиг?
-Олны танил болоод хүмүүс өнцөг бүрээс хараад ирэхээр өөртөө анхаарал хандуулаад ирдэг юм билээ. Ийм үед хүн өөрийгөө “шоронд” оруулчихдаг юм шиг. Ингэвэл намайг ингэж бодно гэх мэтээр өөрөөрөө байж чадахгүй амьдралаас авах таашаал маань утгагүй болоод ирдэг.
Одоо бол намайг ор тас мэдэхгүй хүмүүстэй уулзахаараа би маш их баярладаг. Хэн нэгний тухай түрүүлээд сонсчих юм бол тухайн хүний мөн чанарыг олж харахгүй байх том хаалт болчихдог. Намайг танихгүй хүн бол намайг яг л байгаагаар минь хүлээж авдаг. Сонин хэвлэлээр гараад байгаа, нийгэмд тараагдаад байгаа байдлаар хүлээж авч байгаа хүнтэй уулзах шал өөр. Бусдын адил жирийн л амьдрах надад таалагддаг. Би одоо тэгж ч амьдарч байгаа.
-Гэхдээ яалт ч үгүй та олны танил. Хүмүүс таны өмнөх амьдралыг мэддэг, сонирхдог, цаашдаа яах бол гэж харж байдаг. Та одоо тайван амьдрахыг хүсч байна. Гэтэл та нийгэм рүү орохоор дахиад л хүмүүсийн бужигнаан дунд орно. Энд ямар нэгэн айдас байна уу?
-Цагийн юм цагтаа сайхан. Хийж бүтээгээгүй байж ярина гэдэг утгагүй зүйл. Залуу хүнийхээ хувьд  дотроо бодсон бодол, хийхийг хүсч зорьсон ажил, хүсэл тэмүүлэл гээд  маш их зүйл байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг шүү дээ. Цаг хугацаа нь ирэхээр хийх л болно.
-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа.

 Ц.Бадмаараг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top