Өнөөдөр Монгол бичгийн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигийн хэрэгжилтийн хүрээнд төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж эхэлсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байгаа.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол улын Ерөнхийлөгчийн тамгын газраас уг ажлын үргэлжлэл болгон, Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Монгол бичгийн өдөрлөг”-ийг энэ сарын 10-15-ны өдөр зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд “Монголчууд ба Монгол бичиг” хэлэлцүүлгийг зохиож байна. Уг хэлэлцүүлэгт МУИС-ийн профессор С.Дулам, Ш.Чоймаа, М.Баярсайхан, Г.Гантогтох, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, уран бичээч Т.Жамъянсүрэн нар Эзэн богд Чингис хааны бичиг соёлын бодлогын асуудал, Монгол бичгийн талаар төрийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн тулгамдсан асуудал, Монгол бичгийн үсгийн тиг, суралцах арга зүй, Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох тухай зэрэг сэдвээр ярилцаж байна.  


Мөн энэ өдрий хүрээнд “Мөнх тэнгэрийн бичиг 2012” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг уламжлал болгон хоёр дахь жилдээ нээх гэж байна. Уг өнөөдөр 14:00 цагт  нээгдэх уг  үзэсгэлэнд уран бичээч нарын тавь гаруй бүтээл тавигдах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top