Ихэнх хүмүүс нохойноос айдаг. Харин нохой согтуу хийгээд галзуу хүнээс айдаг гэлцдэг. Саяхан ажил тараад автобусанд архи уусан нэгэн залуу, хоёр бүсгүйтэй таарлаа. Харахад байнга архи уудаг гэмээргүй харагдаж байв. Хоёр гурван том торонд баахан юм хийгээд барьчихсан. Тортой юмнуудаа ойр хавийн хүмүүсийн өвөр дээр хүч түрэмгийлэн тавих аж. Чац томтой нэлээн халамцуу тэр залуу автобусанд "Намайг хэн хэлж, нохойг хэн саахав" гэсэн аятай аяглана. Зорчигчдын зарим нь ч “Энэ нэг согтуу юмтай үг сөрөөд яахав” гэж бодож буй нь илт. Залуу харваас эрүүл хамт яваа бүсгүйдээ байн байн хайртайгаа хэлэхээс гадна уучлаарай гэдэг үгийг минут тутамд хэлэх аж. Архи уусан хүний уучлаарай тэсрэх бөмбөг шиг байдаг ч харин нөгөө бүсгүйд энэ нь их л таатай байгаа бололтой. Тас тас инээн хамт яваа эмэгтэйтэйгээ нийлэн согтууг нь улам өдөөх аж. Төд удалгүй халамцуу нөхөр нь донсолгоонд цүнхээ гараасаа алдан нааш цааш найган байхуйд хажуу ойрын ганц нэг хүмүүс “Аятайхан яваач” гэх зэргээр хэлэв. Түрүүнээс хойш нүүрэнд нь мишээл тогтон залуудаа нүүр өгч байсан бүсгүй “Хөөе чи аятайхан яваач, хаашаа юм” гэж гэнэт гаднаас орж ирсэн хүн шиг аашилж гарлаа. Залуу ч царай нь хүрлийн хэсэг чимээгүй болов. Байдал бишдсэнийг ойлгосон ойр хавьд нь байсан хүмүүс зайгаа барьсхийн зарим нэг нь урагшаа зүтгэх нь харагдана. Хэсэг хугацааны дараа залуу дахин уучлаарай гэдэг үгээ хэлэн урьдын байдалд оров. Бүсгүй нь инээд алдаж эхлэхийг бодоход уучилж байгаа бололтой. Бүсгүй залуу хоёр автобусаар зорчих тэрхэн хугацаанд нэлээд хэдэн удаа муудаж сайдав. Бүсгүй нь жаахан хүлээцтэй, нэг зангаараа байсан бол залуугийн согтуу дороо гарах шинжтэй. Гэвч нэг бол өнөөхөө онгироогоод үгүй бол уурлаад байх нь хаврын тэнгэр шиг ааштай нэгэн болохыг нь илтгэх аж.
Архичны гэрт хэрүүл болж, архинаас л болж гэр бүл салж, үр хүүхэд өнчирч үлддэг хэдий ч хөлчүү, халамцуу хүмүүсийн өөрийгөө хянах чадвараа алдсан үед хамт байгаа хань ижил, найз нөхөд нь жаахан ухаалаг байж, ядаж маргааш нь хэлэх үгээ хэлж байгаасай гэж санагдсаныг нуух юун.
Наркологийн эмч нарын судалгаагаар жирийн хүн наад 10 гаруй жил ууж байж архинд донтогч буюу архинд толгойгоо мэдүүлэгч болдог байсан бол сүүлийн жилүүдэд ердөө 2 жил уугаад архичин болж байгаа нь батлагдсан аж. Энэ нь архины найрлаганд янз бүрийн химийн бодисууд ихээхэн хольж байгаагаас үүдэлтэй гэж үзсэн байна. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн 90 хувь нь архинаас үүдэлтэй ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )