МҮЭХ-г шинэчлэх ҮЭ-ийн анхан шатны дарга нарын хөдөлгөөн Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын салбарын ажилтны /ХХЖДҮХҮАЖСА/ ҮЭ-ийн холбооны дарга Г.Дүгэрт шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар ҮЭ-ийн холбооны дарга Г.Дүгэр нь 70 гарсан хөдөлмөрийн нас нь гүйцсэн хүн даргын эрхээ хэтрүүлж, холбооны мөнгийг завшин өөрийн хувийн компанидаа авдаг төдийгүй холбооны нэртэй байранд танилаа оруулсан, найз бүсгүйдээ холбооны сандал ширээ компьютер зэргийг өгсөн гэлээ. Түүнчлэн холбоотой хамаатай аливаа санхүүгийн болон бусад асуудлыг өөрөө шийддэг гэсэн юм. Одоогоор Г.Дүгэр нь хуурамч материал бүрдүүлэн дарга болоод байгаа гэв. Харин тэд холбооны даргыг сонгох их хурлаар журам ёсоор нэрээ дэвшүүлж, жагсаалтад багтсан С.Алимааг дарга болгох хүсэлтэй байгаа юм байна. Ингээд Г.Дүгэрт энэ сарын 14-ний өдөр багтан суудлаа тавьж өгөх, ҮЭ-ийн холбооны 208, 210 тоот өрөөг суллах, холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэлгүй өөртөө болон өөрийн хувийн компанийнхаа ажилтан Г.Дуламхандад өгсөн орон сууцнуудыг холбоонд буцаан өгөх, О.Гантуяад өгсөн холбооны өмч ширээ, принтерийг өгөх зэрэг шаардлага тавьжээ. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуурамчаар нэр дэвшиж дарга болсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн холбогдох байгууллагад гомдол гаргана гэлээ. Мөн даргын суудлаа тавьж өгөхийг эс зөвшөөрвөл өөрийн зардлаар ахин бага хурлыг хуралдуулахыг хүсч буйгаа илэрхийлж байв. Тэд түүний хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн, хувьдаа завшсан, эрх ямбат даргын энэ үйлдлээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ялзарч байна гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцлоод байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )