Монголчууд “Зүүдэн бороо”-ны Магсаржав хэмээн уран бүтээлээр нь овоглон хүндэтгэдэг хүн бол нэрт хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав билээ. Харин Өвөр Монголчууд “Насны намар”-ын Б.Магсаржав хэмээдэг юм. 1980-аад оноос хойш Б.Магсаржавын аялгуулаг дуу Монгол түмний зүрх сэтгэлийг хөглөж ирсэн. “Сүүн далай ээж”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүүдэн бороо” гээд наяад оны хит дуу, “Насны намар”, “Хөдөөний хүн” гээд ерээд оны хит дуу, “Хуарангийн шөнө”, “Ээжийн чанасан цай”, “Монгол омогшил” гээд энэ цагийн хит дуу бүгд түүнийх.
Б.Магсаржавын аялгуу бол жинхэнэ Монгол байдгаараа бусдаас ялгарах онцлогтой. Түүний дуунууд нийтийн хэллэгээр “ардын манертай” байдаг. 30-аад жил дуу зохиож, хөгжмийн урлагт үнэнч явсан хөгжмийн зохиолч маань бие даасан тоглолт хийж байгаагүй юм. Энэ нь Хятад улсад хөгжмийн багшаар ажиллаж байгаатай холбоотой.
Арав гаруй жил өмнөд хөршид сууж бүтээл туурвилаа хийн, хойч үедээ хөгжмийн урлагийг өвлүүлэх багшийн ажилд зүтгэж яваа хөгжмийн зохиолч маань эх орондоо ирээд удаагүй байна. Тэрбээр саяхан “Монгол бөх”-ийн өргөөнд тоглолтоо тавьсан юм. Үнэхээрийн хит дууны тоглолтыг үзсэн үзэгчид дахин тоглооч гэсэн хүсэлт маш их ирүүлсэн тул энэ 11-р сарын 24-нд Бөхийн өргөөнд дахин ганц удаа тоглохоор болжээ. Энэхүү тоглолтоо маш сонирхолтойгоор хийж үзэгч олноо нэгэн үдэш баясуулахаар бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Тоглолтондоо АУЗ Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, СГЗ Шагдарын Дулмаа, Шагдарсүрэнгийн Гүрбазар зэрэг уран бүтээл хамтран хийж явсан нэрт яруу найрагчдыг урин оролцуулах гэнэ лээ. Мөн түүний дууг дуулдаг МУГЖ С.Вандан Н.Дуламсүрэн, Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, Х.Болормаа, Ло.Болдбаатар, Б.Энхмэнд, С.Баттулга, А.Түмэн-Өлзий болон залуу уран бүтээлчид оролцож үзэгч та бүхэнтэй нэгэн үдшийг дуулж хуурдан өнгөрөөх гэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )