Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах хугацааг багасгана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

 

Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслийн 2012 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хилийн боомт, гаалийн хяналтын бүсүүдийн хяналтын үйл ажиллагаанд зарцуулагдаж буй цаг хугацааг үнэн зөв тодорхойлон хүлээлтэнд зарцуулж байгаа цаг хугацааг багасгах замаар Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулж, Дэлхийн банкны “Doing business” судалгааны Гадаад худалдааны үзүүлэлтээр 158 дугаарт бичигдэж байгааг ахиулах зорилгоор экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулж буй цаг хугацааг тооцох судалгааны ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Улаанбаатар хот дахь гаалийн газраас эхлэн судалгааны ажлыг явуулж байна.

Улаанбаатар дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газрын харъяа Чойр дахь салбар, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Гашуунсухайт, Цагааннуур, Баянхошуу боомт уг судалгаанд хамрагдаж байна.

АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслөөс судалгааг явуулах шаардлагатай санхүүгийн дэмжлэг, судалгааны аргачлал, зааварчилгааг боловсруулах, үр дүнг нэгтгэн тооцох техник, технологийн орчин үеийн шийдлүүдээр хангах, судалгааны үйл ажиллагаанд зөвлөх үүрэгтэйгээр оролцож байна.

Дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан Гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулагдах цаг хугацааг хэмжих аргачлалаас гадна гаалийн хяналт, бүрдүүлэлтийн CAIS системийн автоматаар тооцсон хугацаа, хилийн боомтоос ороод хилийн боомтоос гарах хүртлэх нийт ерөнхий судалгааны /хар хайрцаг/ аргачлал, ашиглалт, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг дүн шинжилгээ хийх зэрэг аргачлалыг ашиглаж байна.

Цаашид судалгааны ажлыг судалгаанд оролцогч талууд хамтран зохион байгуулах чадавхийг бүрдүүлэх үүднээс гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага нь судалгааны ажилд өөрсдийн ажилтнуудыг идэвхтэй оролцуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнг цаашид мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top