Манай улсад хос мэргэжилтэй хүн олон. Харин кино болон шог зохиолч, шог зураач хүн цөөн. Тэгвэл энэ удаа уншигч та бүхэнтэйгээ энэхүү дээрх мэргэжлийг зэрэг эзэмшээд байгаа А.Амарсайхантай уулзуулж байна. Тэрбээр “Тусгай салаа”, “Хэцүү анги”, “Улаан эрэг” гурван хоногийн өмнөөс МҮОНТ-ээр өдөр бүр гарч байгаа “Огцом эргэлт” уран сайхны киноны зохиолыг бичсэн билээ. Тиймээс шинэ уран бүтээлээ өлгийдөөд байгаа түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дөрөв дэх бүтээл тань дэлгэцнээ гарлаа. Ер нь шинэ бүтээл олны өмнө дэлгэгдэхэд танд юу бодогддог вэ?
-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Эхний хоёр анги гарсны өглөө нь утсаа асаасан чинь хүмүүсээс дуудлага, мессеж ирсэн байсан. Эргээд залгахад “Баяр хүргэх гэсэн юм. Сайхан кино болсон байна” гэж байсан. Тэгэхээр шинэ уран бүтээлээ олны сонорт хүргэж эхэлнэ гэдэг уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн том баярын нэг юм.
-Цаашдаа кино зохиолоор дагнах бодолтой байна уу?
-Дагнахаас аргагүй болж байна. Учир нь “Тусгай салаа-2” киноны зохиолыг дөнгөж дуусгатал дараагийн киноны санал ирсэн. “Улаан эрэг”-ийг бичээд дуусаагүй байтал МҮОНТ-ээс бидний ярьж байгаа киноны санал ирсэн. Үүнийг бичээд байж байтал дахиад нэг телевизээс бас нэг олон ангит кино зохиол бичүүлэхээр ярьж эхэлсэн. Энэ мэтчилэн л гүйж байна шүү дээ.
-Та дээхнэ уурхайчдын амьдралыг харуулсан кино зохиол бичнэ гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Өнгөрсөн жил үү. Судалгаа хийгээд Заамар, Бор-Нуур, Өмнөговь руу яваад байсан чинь төр солигдоод, төсөл нь зогсчихсон. Тэгэхдээ төртэй холбоотой ч юм уу үгүй ч юм уу бүү мэд шүү, таамаглаж л байгаа хэрэг. Уг нь тэр 20 гаруй ангитай болох байсан юм. Аливаа зүйлийг болоогүй байхад нь ярьж болдоггүй юм байна өө.
-Олон телевизийн захиалгын бүтээлийг нэлээд өндөр үнээр гүйцэтгэнэ биз?
-Хүн ам ихтэй, зах зээл хөгжсөн улсад ганц кино зохиол бичээд үзэгчдийн таашаалд нийцүүлбэл бараг насаараа идэх хоолоо олдог гэдэг юм билээ. Гэтэл манай улсын хүн ам хэд билээ, зах зээлийн багтаамж ямар билээ. 60 ангитай кино хийх зардлыг тооцоод үзэхэд үндэсний том компанийн бүтэн жил маркетинг явуулдаг зардалтай нь тэнцчихдэг. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг дээ. Өөр ажил хийж сэтгэл санаагаа хоёрдуулахгүй, зохиол бичих ажлыг дагнаж эрхлээд, амьдраад болоод л байна. Байгаагаасаа илүү амьдарч, олж буйгаасаа ихийг авах гэж шунаад яах вэ.
-Кино зохиол гэж гүйсээр шог зургаа орхигдуулаад байна уу даа?
-“Монголиан Экономи” сэтгүүлийн шог зургуудыг зурж байгаа. Тэгэхээр харандаагаа тавиагүй гэж хэлж болно. Шог зураг зурах нь надад амралт болдог. Өдөржин зургийн санаа бодож, дээш харж хэвтэнэ. Дараа нь зургаа зурна. Цаас харандаа хоёрт анхаарал төвлөрүүлж суухаар тархи амарчихдаг. Харин шог өгүүллэгээ жилд хоёроос дээш бичихгүй байгаа.
-Ер нь тань шиг шог зураг, өгүүллэг бичдэг хүн хэр олон байдаг юм бэ?
-Мэр сэр бий шүү. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды ах шог зураач хүн. Гэтэл 2006 оныг хүртэл “Тоншуул” сэтгүүлдээ хэд хэдэн шог өгүүллэг бичсэн. Төрийн шагналт Ц.Доржготов ах зурдаг, бас бичдэг. Шог зурагт санаа чухал байдаг. Зохиолчид санаа олчихоод, шог зураачид хэлж зуруулах тохиолдол олон.
-Драмын урлагт хүч үзэхгүй юм уу?
-Тав зургаан жилийн өмнө хошин жүжгийн зохиол бичиж байлаа. Харамсалтай нь санхүүгээс шалтгаалаад тайзнаа амилаагүй. Харин сүүлийн жилүүдэд олон ангит киноны зохиол бичих ажилд дарагдаад амжихгүй байна. Гэхдээ жүжиг бичих юмсан гэх санаа байлгүй яах вэ.
-Тэгвэл сүүлийн үеийн кино, жүжиг ямар санагддаг вэ. Нэг тогоонд чанагдаж яваа танд алдаа дутагдал нь илүү анзаарагддаг байлгүй?
-Би шүүмжлэгч биш. Тэгээд ч би хүн шүүмжлэх хэмжээнд хүрсэн “том” хүн биш ээ. Жижигхэн хүүхэд. Ийм байтлаа “Тэр тэгж, энэ ингэж алдсан байна билээ” гэсэн том үг хэлэх нь учир утгагүй хэрэг болно. Энэ асуултаас чинь болоод миний нэгэн найзын хэлсэн үг санаанд орчихлоо.
-Ямар үг вэ?
-Түүнийг ажлынхаа өрөөнд ортол хэдэн нөхөр Монголын кинонуудыг “будаа болтол” шүүмжилж, найруулагч зохиолчийг нь “шалихгүй амьтан” гэж ярьж байх юм гэнэ. Өнөөдүүл цаашлаад, Холливудын киног шүүмжилж эхэллээ гэнэ шүү. “Шүүмжлэгч” нарыг тойруулаад хартал кино хийж үзсэн нэг ч хүн алга гэнэ. Тэгэхээр нь тэсэлгүй “Та нарын нэг нь ч болтугай кинонд туслах найруулагчаар ажиллаж үзсэн үү. Ядахдаа кино найруулагчийн цай зөөж өгч үзсэн хүн байна уу” гээд асуутал цаадуул нь хэлэх үггүй болсон гэсэн.
-Монголын нийгмээс шог санаа хэр их олддог вэ?
-Элбэг. Гэрээсээ гараад л шог санаа олчихдог. Замын түгжрэлд зогсч байхдаа “Замын түгжээ мандтугай” гэсэн өгүүллэг бичих санаа олж байх жишээтэй. Замын түгжээ нь маш олон талын ашигтай. Долоон буудлын Долгор эмээгийн 47-той гон бие гозон толгой, таксины жолооч хүү Замын түгжээний ачаар гэрлэчихэж. Нэг бүсгүйг Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүргэж өгөх замдаа тэр жолооч зорчигч бүсгүйтэй нүүр хагарч танилцаад, бүр зам зууртаа гэрлэлтээ бүртгүүлээд, жирэмсэн болгоод амжчихаж. Нууц амрагууд бас замын түгжээнээс болоод их жаргаж байна гэнэ. Өөр бүсгүйтэй хоночихоод ирсэн нөхөр эхнэртээ “Би Зуун айлд түгжрээд зам дээр хоноод ирлээ” гэж ярина.
-Шог зохиолчид цуглахаараа хөгжилтэй зүйл их ярина биз?
-Олон. Гэхдээ тухайн үед хэн хэн нь анзааралгүй өнгөрчихдөг юм. Харин өөр мэргэжлийн хүмүүс сайн анзаардаг юм билээ. Бидэнд тийм зүйл байнга тохиолддог болохоор байдаг л юм шиг санагддаг болоод тэр л дээ.
-Ер нь та яагаад шог зохиол бичихийг сонгосон юм бэ?
-Би багадаа хөдөө их амардаг байлаа. Хөдөөнийхөн биенээ байнга “явуулж” ярина. Цаг үргэлж шоолно. Элэглэж, дуурайж ярина. Тэр л их нөлөөлсөн болов уу. Миний авга ах Ц.Цэднээ гэж хүн бий. Их шооч. Орсон, гарсан хүмүүсийг хөөрхөн егөөдчихдөг. Тэгэхээр манай удамд хошин шогийн “юм” байдаг байх. Би сумын дунд сургуульд багшилж байхдаа ханын сонин гаргадаг байсан. Багш нараа шоглож зурна. Сумын шинэ жилийн үдэшлэгт ирсэн хүмүүс бүжиглэхээ умартаад миний ханын сонины өмнө инээлдээд зогсчихсон. Үүнээс урам аваад сонин хэвлэлд шог зураг зурах гэж оролдож эхэлсэн. Анхны шог зураг маань 1999 онд “Өнөөдөр” сонинд гарч байлаа. Хоёр нүцгэн загвар өмсөгч бүсгүй гар, хөлдөө үдээс зангидчихаад тайзан дээр алхаж байгаа. Наана загвар зохион бүтээгч “Миний загвар ердөө л хоёр үдээснээс бүтсэн учраас маш хямд. Төсвийн байгууллагынхан худалдаж авч, өмсөх бүрэн бололцоотой” гэж ярилцлага өгч буй зураг байдаг юм.
-“Хэцүү анги” киноны зохиолыг бичихэд хүүхдүүдийн сэтгэл зүйг гаргахын тулд нэлээд судалгаа шаардагдсан байх даа?
-Би багшийн гэр бүлд төрж, өссөн. Аав минь Б.Алтангэрэл гэж Говь-Алтай аймгийн боловсролын хэлтэст насаараа ажилласан, одоо дунд сургуульд математик зааж байгаа багш бий. Ээж минь Х.Загдаа гэж монгол хэл, уран зохиолын багш. Манайх багш нарын орон сууцанд амьдардаг, аав ээжийн найз нөхөд, орж гардаг хүмүүс бүгд багш болохоор сургууль багш нарын амьдралыг дэндүү мэдэх хэрэг л дээ. Суурь судалгаа минь бэлэн байж байсан гэсэн үг. Би өөрөө бас тухайн үедээ “Сэтгүүлч” коллежид багшилж байсан, өмнө нь хоёр ч дунд сургууль дамжиж багшилж үзсэн болохоор хүүхдүүдийн үг хэллэгийг мэддэг болчихсон байсан.
-Тэгвэл “Тусгай салаа” киноны Сүлдийн дүр таны залуу насны амьдралтай төстэй гэдэг юм билээ?
-Тийм. Дээр үеийн сурганы кабинет, одоогоор аймгийн боловсролын соёлын газрын даргаар аав ажилладаг байв. Тиймээс багш нар надад арай зөөлөн хандана. Аавыг минь хүндэлсэндээ тэр. Гэтэл би буруугаар хүлээж аваад нэг л их биеэ тоосон амьтан явдаг байв. Тэр үед би нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Сүлдийн мөрөөдөл ч бас ийм шүү дээ. Гэтэл би уул уурхайн дээд сургуулийн хуваарь аваад Орост сурсан. Тэглээ ч хичээлдээ дургүй, сургуулиа үзэн ядсан хүүхэд байв. Тэгэхээр төстэй байгаа биз дээ.
-Та өөрийгөө утга зохиолын хаалгаар орсон гэж бодож байна уу?
-Орчихсон гэж онгирч чадахгүй ээ. Тогшоод зогсч ч байж магадгүй. Яруу найрагч Х.Чилаажав анд маань нэг удаа “Би Амарсайханы ээжийнх нь шавь. Түүнийг зохиол бичиж байсныг огт дуулаагүй. Сүүлийн үеэс л гэнэт шог өгүүллэг бичээд, “Тоншуул” сэтгүүлд дарга болоод суучихсан хүн” гэж билээ. Үнэнийг хэлэхэд би гучин нэгтэй байхдаа анхны шог өгүүллэгээ бичиж, Лигдэн гуайн гаргаж байсан “Улс төр” сонинд, бас орон нутгийнхаа “Цахиур Төмөр” сонинд нийтлүүлсэн юм чинь аргагүй л дээ.
-Та нэг их ном гаргадаггүй. Яагаад тэр вэ?
-Дэлхий даяар нэгэн базаахгүй мэдээ соёлт хүмүүнийг түгшээж байгаа. Энэ нь зохиолчдын ном зарагдахгүй байгаа явдал юм. Унших хүсэлтэй цөөн хэдэн уншигч л ном худалдаж авч байна шүү дээ. Бусад нь ном уншихаа байсан. Ардын уран зохиолч П.Бадарч гуай МЗЭ-ийн хурлын индрээс “Гашуун үнэнийг хэлэхэд бид уншигчгүй болчихлоо” гэж байсныг би сонссон. Тиймээс би дэлгэцийн бүтээл бичвэл арай олон хүнд хүрэх юм болов уу гэсэн үүднээс ном биш кино зохиолд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Ш.Цэвэлмаа гэдэг. “Наран моторс” ХХК-д боловсон хүчний менежерээр ажилладаг. Гэргийгээ ажил хийлгэмээргүй санагдах үе бий. Гэхдээ өөрийн гэх хамт олонтой, нийгэмд эзэлсэн байр суурьтай, үнэлэмжтэй байг гэж бодохоор эмэгтэй хүн ажил албатай байх нь түмэн зөв. Гэртээ суучихвал нэг л мэдэхэд нүүр нүдээ ч будаж шунхдахаа мартаад гэрийн авгай болж хувирна. Сайхан хослол өмсөөд, өндөр өсгийт дээр товолзтол алхаж явна гэдэг эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг бадрааж өгдөг байх.
-Хүүхдүүд хэддүгээр ангид сурдаг вэ?
-Есдүгээр анги. Бямбасайхан, Бямбажаргал гэж ихэр хүүтэй. Намайг комикс ном хийхэд их тусалдаг. Фотошоп программ дээр ажиллаж байхыг хоёр гуравхан удаа хальт хараад л сурчихсан байсан. Одоо номын зураг чимэглэл хийхэд өнгө тавих ажлыг хийж өгдөг болсон. Номын шагнал буухаар тэдэндээ унадаг дугуйнаас эхлээд өөрсдөд нь тохирсон зүйл авч “цалинг” нь өгнө. Хоёулаа сагсан бөмбөгт сонирхолтой. Өөрсдөө ч давгүй тоглочихдог. Нэг нь “Селтик”, нөгөө нь “Лейкерс”-ийг дэмждэг. Нэгнийх нь баг хожигдвол хоорондоо зодолдох шахаад л. Би салгах гэж бужигнаад л. Бид гурав чөлөөт цагаа ингэж л өнгөрүүлдэг дээ.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )