МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог”-ийг цувралаар танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Оросын нэрт хөгж­мийн зохиолч М.И.Глин­кийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Тус төслийн нээлт болгож Монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертоо энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ.

Тоглолтонд урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон  АЖ А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Voice group-ийн дуучин  СТА Д.Отгонжаргал нар оролцох гэнэ.

Түүнчлэн тоглолтын хөг аялгууг эгшиглүүлэхээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.

“Монгол сонгодог” төслийн зорилго нь дэлхийн энтэй Монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үзэгчиддээ тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг үзүүлж мэдрүүлэхэд оршиж байгаа ажээ. 

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top