Том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус-1” компанийн ажилчид өнөө өглөө ажил хаялт зарласан ч үйлчилгээнд цагийн хуваарийн дагуу эргэн гарсан байна.
Тус компанийн ажилчид ажлын ачаалал өндөр, нэг цагийн орлогын төлөвлөгөө өндөр атлаа цалин бага, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо давхардуулж арга хэмжээ авч байна, жолоочийн гэнэтийн ослын даатгалд хамрагддаг ч үр дүн муу байна гэсэн шалтгаануудаас гадна захирал Г.Төмөрбаатарыг албан тушаалаас нь буулгахыг шаардсан байна.“Автобус-1” компанийн жолооч, кондукторууд хоёр ээлжээр өглөө 06.15-15.30 цаг хүртэл, 15.30-22.00 цаг хүртэл ажилладаг аж. Чиглэл бүрийн автобуснууд тогтсон норм биелүүлэх ёстой бөгөөд нормоо биелүүлээгүй бол цалингаас хувьчлан хасдаг нь ажил хаялт зарлах хамгийн гол шалтгаан болжээ.
Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд асуудлыг шийдвэрлэхээр хуралдаад доорхи шийдвэрийг гаргажээ.
“Автобус-1” компани нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас энэ асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй, цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх ёстой гээд тус компанийн захирал Г.Төмөрбаатарт хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Жолооч, кондукторууд “Бидний асуудлыг маргааш нааштайгаар шийдвэрлэхгүй бол дахиад ажлаа хаяна” гэсэн байр суурьтай байлаа. Тэдний тавьсан шаардлагад цогц арга хэмжээ авахгүй бол өнөөдрийнх шиг байдал маргааш давтагдахыг үгүйсгэх аргагүй бололтой.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )