Өнгөрсөн Бямба гарагт Засгийн газар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг өөрчлөх шийдвэр гаргаж, ажилтнуудыг нь Батлан хамгаалах яаманд нэгтгэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд эмнэлгийн зориулалтаар баригдаж дуусаж буй өндөр хоёр барилгад хууль зүйн яамныхан орохоор санаархаж байгаа ажээ. Ингэхдээ тэд Монгол Улсад анх удаа хамгийн боловсронгуй, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулчихаад байхад тэдгээрийг нь үнэгүйдүүлж гаргаж байгаа юм. Хууль ёсоор бол аливаа барилга байгууламжийг өөрчлөх бол үйл ажиллагааных нь чиглэл, хөрөнгийн зориулалтыг нь өөрчлөхгүй, ажилтан, албан хаагчдад нь учрах эрсдэлийг тооцох ёстой байдаг. Гэтэл хууль зүйн сайд маань үүнийг бодсонгүй.
Энэ нь эмнэлгийн эмч, ажилчдын эгдүүцлийг ихээхэн хүргэв. Тэд эмнэлгийн ажилчдыг яам, эмнэлэгт шилжүүлж болно. Гэхдээ эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь байлгах хэрэгтэй гэдгийг хэлэв. Улмаар дөнгөж сая эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэхдээ тус эмнэлгийн ээлжийн эмч, асрагч нараа ажлынх нь байранд үлдээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Японы хамгийн өндөр техник технологи бүхий эмнэлгийн загвараар тусгай мэргэжлийн хүмүүс зориуд судалж байж бариулсан, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн их эрэлттэй байдаг Сонгдо эмнэлгээс 2-3 дахин их хүчин чадалтай энэ эмнэлэгт зориулж авчирсан үнэ цэнэтэй аппарат, тоног төхөөрөмжийг нааш цааш нь зөөвөл зүгээр л төмөр болох аюултайг өнөөдөр эмч нар хэлж байна.


Энэ бол эмнэлэгт байрлуулаад байгаа MRI аппаратууд.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын мэдээлснээр эмнэлгийн барилгад нийтдээ 10,6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8,3 тэрбумаар нь санхүүжилт нэгэнт хийсэн, үлдэгдэл 1,7 тэрбум нь энэ оны санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд ирэх оны төсөвт 500 сая төгрөг тусгуулахаар хэлэлцэж байгаа аж. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж урьдчилан байрлуулж, 300 сая төгрөгөөр тоноглосон энэ эмнэлгийг контор болгон, үргүй төсөв гаргуулахгүйн тулд 80 жилийн түүхтэй тус эмнэлгийн 260 хүнтэй хамт олон эцсээ хүртэл тэмцэх гэнэ.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмч нарын талд байгаа ч “Хууль зүйн сайдтай та бүхэн зөвшилцөх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн аж. Харин МАН болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох тогтоолын төслийг боловсруулж эхлээд байгаа аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )