Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Түүний хэлсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Засаг дарга Г.Нямдаваа, “Тэр хол нутгаас зориуд Улаанбаатарыг зорин ирж Та бүхнийг урьж хэвлэлийн бага хурал хийж байгааг сэтгүүлчид, хэвлэлийнхэн урьдчилан гадарлаж байгаа байх.
Сүүлийн үед миний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл цацагдах боллоо. Зарим мэдээлэл нэгэн өдөр, нэгэн зэрэг бүх телевизээр янз бүрийн хэлбэрээр зориудын зохион байгуулалттай ч юм шиг гарч байна. Аймгийн ард иргэд асууж, лавлаж утасдаад байна. Ер нь Монголын иргэд энэ Ховдын энэ хүн ер нь яачихсан нөхөр байна аа, дандаа л хэвлэлээр нүдүүлж байх юм, тэгээд дуугарах ч үгүй юм, үнэн болоод тэгдэг биз гэж боддог байх. Үнэхээр 8 жил ажиллахдаа хэвлэлийн ямар нэг шүүмжлэлийн эсрэг нэг ч удаа эсэргүүцэж, янз бүрийн яриа гаргаж байгаагүйг та бүхэн мэднэ. Одоо харин тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Хэвлэлийнхнээр дамжуулан үнэн бодит мэдээллийг өгөх зайлшгүй шаардлага гарч байгааг эхэнд нь хэлэх байна.
Янз бүрийн мэдээллээс үнэндээ ах дүү нар, гэр бүлийнхэн минь ч санаа зовж зарим нь унтаж чадахаа болиод, настай нэг нь даралт нь нэмэгдээд өвчтэй зовлонтой байна.
Хурлын эхэнд би хууль хяналтын байгууллагын ажиллагаанд нөлөөлөх ямар нэг зорилт тавиагүй гэдгээ хэлье. Хянадаг шугамаараа хянаад, шалгадаг шугамаараа шалгадаг л юм байгаа биз. Гагцхүү хэвлэл мэдээллээр гарч буй ташаа мэдээллийг залруулж, үнэн бодит байдлыг өөрийн биеэр хэлж, тайлбарлах нь миний үндсэн хуулийн дагуу эдлэх ёстой эрх бөгөөд аймгийн нэрийн өмнөөс хариуцлагатай алба хашиж байгаагийн хувьд бас хүлээх ёстой үүрэг гэж үзэж байна.
Ер нь нэг зүйлийг онцолж хэлэхэд АТГ-т шалгагдаж байгаа гээд олон түмэнд удаа дараа зарлагдаад, түүнийг нь янз бүрийн улс төрийн хүчнүүд удаан хугацаагаар ашиглаад, тэр нь төр, захиргааны ажилд нөлөөлөөд байж байх нь ямар байдаг, хувь хүнд хэчнээн дарамттай болохыг би дэндүү мэдэрч байна.
Ховд аймгийн Засаг даргын албыг 8 жил хаших хугацаанд надтай холбоотой янз бүрийн мэдээлэл, гүжирдлэг, гүтгэлэг олонтоо гарлаа. Ялангуяа УИХ, орон нутгийн сонгуулийн үеэр энэ мэдээллийн давтамж хэд дахин өсдөг. Би ч хашрахгүй энэ хугацаанд УИХ-ын сонгуульд 2 удаа нэр дэвшлээ.
Дараах хэдэн зүйлийг үнэн бодитойгоор мэдээлье.
АТГ шалгасан асуудлаар зарим хэвлэлүүд андуу ташаа мэдээллүүд цацаж байна. Зарим хэвлэл Тухайлбал “Өглөөний сонин”, хэд хэдэн веб сайтуудаар дахиад л нөгөө загас гаргасан, Хөшөөтийн уурхайтай холбоотой хэргээр шалгагдаж байна гэж мэдээлсэн. Ард түмэн энэ нөхөр ер нь Хар-Ус нуурынхаа загасыг гаргасан нь үнэн юм байна, дахиад л нөгөө Хөшөөтийг будлиулж явдаг нөхөр байна гэж ойлгож байгаа байх.
Загасны асуудлыг товч тайлбарлая. Аймгийнхаа төвийг бид иж бүрэн орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийж дуусган, ашиглалтад хүлээн авч байна. Үүнийг хийлгэх санхүүгийн ямар ч эх үүсвэр байгаагүй учир Үрэмч хотын улсын компанитай гэрээ хийхээр ярилцсан. Эхлээд тодорхой хэмжээний загас олгооч, тэгвэл үнийг ихээхэн буулгая гэсний дагуу төсөл хийсэн. Тэгэхдээ энэ бол эцэслэн 2 тал зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэрээ биш, эхний санал байсан. Үүнд шаардлагатай загасыг БОЯ-наас зөвшөөрөл олгогддог Увс аймгийн Үүрэг, Баян-Өлгийн Ачит, Толбо нууруудаас зохих зөвшөөрөл авч олгож болох байх гэж үзэж байсан. Судалж үзээд, зөвшөөрөл хүсээд боломжгүй байсан учир энэ гэрээг эцэслэн тохироогүй. Хар Ус нуурыг цөлмөсөн, уйлуулж байна гэж намайг хэвлэлээр олонтаа бичсэн. Би өөрөө Хар-Ус нуурыг хамгаалалтанд авах асуудлыг судалж боловсруулж байсан эрдэмтэн хүн. Энэ бол миний төрсөн нутаг. Хэзээ ч үйлдвэрлэлийн зориулалтаар эндээс загас бариулахгүй гэдгээ би сайн мэднэ. Загас гаргасан эсэх талаар МХГ, БОЯ-наас ажлын хэсгүүд удаа дараа шалгалт хийгээд ийм зориулалтаар загас гаргаагүй гэдгийг тогтоосон, албан ёсны бичгийн хариу энэ байна. БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газрын дарга А.Намхай гэдэг хүний 2012 оны 5-р сарын 28-ны 7/2265 албан тоот. Нуугаад байх юм алга, аймгийнхаа төлөө үнийг бууруулах шаардлага байсан. Тодорхой заалтыг эхлээд оруулж байсан.
Хөшөөтийн уурхайтай холбож янз бүрээр бичдэг
Дуусдаггүй сэдвийн нэг нь энэ байна. Бүр энэ уурхайг намайг Хятадуудад хувьчлаад өгчихсөн мэт ярьж бичдэг. Энэ уурхай нь УҮГ байсныг Л.Галбадрах Засаг даргын үед Төрийн Өмчийн Хорооны 432 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 194 дүгээр захирамжаар 1998 оны 7-р сарын 29-нд хувьчлагдаад үйлдвэр, бүх техник, эд хогшлын хамт лиценз нь 50 сая 300 мянган төгрөгөөр С.Рэнцэндорж гэх иргэнд шилжсэн байдаг. Тэр үед дуудлага худалдаанд одоо Хөшөөтийн уурхайн асуудлаар олонтаа ярьдаг Нямгаравын Хүрэлсүх дуудлага худалдаанд орж, С.Рэнцэндоржид ялагдсан байсан. Дараа нь хэд дахин эзнээ солиод өнөөдөр МонЭнКо гэдэг компани эзэмшээд явж байна. Харин яагаад энэ компанийн үйл ажиллагаа өргөжив, өнөөдөр энэ ХХК үнэхээр хүндрэл учруулж байна гэдгийг тайлбарлах.
Халзанбүргэдтэйн газрын ховор элементийн орд...
Халзанбүргэдтэйн газрын ховор элементийн ордод 1990-ээд онд, хуучнаар ЗХУ-ын геологч А.С.Минины удирдлагаар эрлийн шатны ажил явуулсан байдаг. Энэ зуны туршид "Монголиан нэйшнл рийрийрткорп" гэдэг ХХК хайгуулын ажил хийлээ. Одоогийн хайгуул хийгдэж байгаа газрын Халзанбүргэдтэйн талбайд 6911А ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2001 оны 12-р сарын 28-ны өдөр, Архүрэн уулын талбайд 12335А ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2004 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монтем ХХК-д Ашигт малтмалын газраас олгогджээ. Дараа нь Монтем ХХК өөрийн эзэмшиж байсан лицензээ одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа "Монголиан нэйшнл рийрийрт корп" гэдэг ХХК-д шилжүүлсэн байна.
Газар дээр нь Аймгийн мэргэжлийн газрын ажлын хэсэг 2 удаа ажиллан хяналт хийхэд “Монголиан нэшнл рийрийрт корп” компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа ашигт малтмалын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулаагүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй байж авсан зэрэг “Ашигт малтмалын тухай” хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.
Иймд Аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Эрдэнэчулуун “Монголиан нэйшнл рийр ийрт корп” ХХК –ийн эзэмшиж буй Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн 6911А, Ар хүрэнгийн 12335А ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан.
Засаг даргын зүгээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хандан одоогийн мөрдөгдөж буй хууль зөрчин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, байгаа “Монголиан нэйшнл рийр ийрт корп” ХХК–ийн эзэмшиж буй Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн 6911А, Ар хүрэнгийн 12335А ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр, үндэслэл гаргаж өгөхийг хүссэн.
АТГ ямар асуудалтай холбож шалгав?
350 сая төгрөгийн асуудал. Хэвлэлээр олон удаа давтагдаж, зарлагдаад байхаар хөдөөгийн малчид маань манай дарга баахан мөнгө хөрөнгө идэж уучихаад л шалгагдаад байна даа гэж ойлгодог. Үүний учрыг тайлбарлая.
2009 онд дэлхий нийтэд болон манай улсад эдийн засгийн хямрал нүүрлээд хэцүү байсан жил манай ИХ, ЗДТГ-аас нэлээд хатуу хэмнэлтийн болоод орлого нэмэгдүүлэх тусгайлсан бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд мөнгө төсөв дутах биш харин ч түүхэндээ анх удаа 780 сая төгрөгийн давсан орлоготой гарсан. Түүнийгээ хэрхэн яаж хуваарилах асуудлыг Засаг даргын зөвлөлөөр нухацтай ярилцсан. 350 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, сан байгуулаад банкаар дамжуулж олгох талаар саналын төсөл боловсруулаад аймгийн ИТХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг аймгийн ИТХТ-ийн хурлаар 2010 оны 5 сарын 12-нд хэлэлцээд, 105 тоот тогтоол гаргахдаа “МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн...ТОГТООХ НЬ гээд 2-р заалтанд:
“2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ЖДҮ-ийг хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зориулан 350 сая төгрөгний эх үүсвэрийг аймгийн ЖДҮ-ийг дэмжих дэд санд гэрээний нөхцөлтэйгээр байршуулан уг сангийн журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зориулалтаар банкаар дамжуулан олгох...-ыг аймгийн Засаг дарга Г.Нямдаваад үүрэг болгосугай” гэсэн байсан. Энэ тогтоолтой би 17-нд танилцаад бидний саналыг дэмжиж зөв шийдвэр гарсан байна гэж үзээд орлогч дарга болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартаа “Хэрэгжилтэнд хяналт тавьж зохион байгуул” гэж цохолт хийсэн байдаг.
Үүнээс 14 хоногийн дараа 31-нд надад дахин нэг тогтоолын төсөл танилцуулсан байдаг. Өмнө нь шийдсэн асуудлаа дахин ИТХТ-ийн хуралдаанаар авч хэлэлцээд,
1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 105 дугаар тогтоолын 2 дугаар заалтын “ЖДҮ-ийг дэмжих сангаар дамжуулан тусгай гэрээний нөхцөлтэйгээр олгоно” гэснийг “аймгийн Өмчийн албатай Баруун Монгол интернейшнл ХХК-ийн шинээр баригдах аргаар мах боловсруулах үйлдвэрийг барьцаалан 5 хүртэлх жилийн хугацаатай хүүгүй зээлийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосугай гэж өөрчилсүгэй” гэж өөрчилсөн байсан. Үүнийг үзээд төсвийн мөнгийг нэг компанид шууд хүүгүйгээр олгож болохгүй гэж үзээд хуулийн хэлтсийн даргад “Хууль зөрчсөн эсэхийг нягтлан шаардлагатай бол хориг тавих арга хэмжээ, үндэслэл боловсруулан танилцуул” гэсэн цохолт хийгээд яаралтай боловсруулж ир гэсэн.
Тэрээр танилцуулахдаа хууль зөрчигдөж байгаа боловч ажлын 3 хоногийн хугацаа өнгөрсөн учраас та хориг тавих боломжгүй байна гэсэн. 19-ний өдрийн тогтоолд 7 хоногийн дараа 26-нд танилцуулах хуудас наагдаж, надад 12 хоногийн дараа 31-нд танилцуулагдсан байдаг. Ингээд хуулийн хэлтсийн дарга “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн 12.1.2, болон 13.2 дахь заалт, 54-р зүйл, МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29.1.1, 29.1.6-ийн А заалт, Монгол Улсын үндсэн хуулийн 61.1 дэх заалтыг баримтлан хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсний дагуу гэрээ байгуулагдаж, мөнгө олгогдсон байдаг.
Энэ асуудлыг прокурор хянаж үзээд хэрэгсэхгүй болгох байх гэж найдаж байгаа. Ямар ч гэсэн шийдвэрийг би гаргаагүй, мөнгө төгрөгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргадаг захирамж болон албан даалгавар гэсэн 2 дагаж мөрдөх шийдвэрээр дур мэдэн шийдвэрлээгүй гэж үзэж байгаа.
Манай ард иргэд, ялангуяа хөдөөгийнхөн маань АТГ шалгаж байна гэхээр мөнгө төгрөг идэж уугаад, залилж завшчихсан гэж ойлгодог. Надад төсвийн мөнгө төгрөгийг ашиглаж завших, ямар нэг байдлаар шамшигдуулах ямар ч сонирхол байдаггүйг Ховдчууд мэднэ.
Харамсалтай нь энэ мөнгийг зээл авсан “Баруун Монгол интернейшнел” ХХК нь үйлдвэрээ бариагүй, энэ талаар бид удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Гэрээнд зааснаар халал аргаар мах боловсруулах үйлдвэрийн эхний хэсгийг 2010 оны 12-р сард, үлдэх хэсгийг 2011 оны 8-р сарын 30-ны дотор ашиглалтанд оруулна гэж заасан.
Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй талаар аймгийн МХГ-ын актаар тогтоож, 11 сарын 15-ны дотор 350 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гарсан. Аймгийн ЗДТГ-аас гэрээгээ байгуулаагүй учраас 7 сарын 27-нд 350 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Эцэст нь хэлэхэд энэ төрд мөнгөний төлөө биш, эрүүл саруул ухаанаар, мэдлэг чадвараа зориулаад улс төрд, төр, засгийн ажилд зүтгэдэг хүн шахагдаж байна шүү. Үүнийг манай хэвлэл, мэдээллийнхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож, мэдэрч байгаа байх. Үүнийг бас ялгаж, салгаж хүн чанар, мэдлэг чадвар гэдэг гайхамшигтай үнэт зүйлийг мөнгөнөөс дээгүүр үнэлж байх талаас нь анхаараасай гэж би хүсэж байна.


А.Баярмаа
Сэтгэгдэл ( 2 )
Энд нөгөө л улс төрийн ангуучлал яваад бгаа юм бишүү!!!Ардын намын харъяаллалын дарга ардчилсан Намын нөхөрт өгсөн бна Үнэхээр орон нутагтаа юм хийе гэж л 2-гүй сэтгэлээр явсан хүнийг хэн хэний занаанд орсоныг мэдэхгүй ээ хүүхэд байхын л зарчимч шударга хүүхэд бсан идэж уухад энэ хүний ёс жудаг суурь хүмүүжил хүн чанар гэж нэг юм бна хүн болгонд энэ нь зулгаагаад хийх бсан ч хийхгүй шүү нэр хүндтэй эх оронд маань хэрэгтэй л хүн шүү урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэдэг дээ төр түмэн нүдтэй эх орныхоо болосролтой төлөвшсөн хүмүүсээ ашиглаад хаясан оо -ийн цаас шиг хаяхгүй байлгүй дээ ...