Засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос \Хуучин нэрээр\ зарласан 2012 оны энэ тендерт зохиолч Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол \Төслийн баг\ шалгарч сурагчдын амралтаар нээлтээ хийх гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар МУСГЗ Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Зохиолч Ц.Түмэнбаяр “Мөрөөдлийн үзэг” жүжгээ “Сумтай үзэг” өгүүллэгээсээ сэдэвлэн бичжээ. Энэ нь шилжлтийн үе болох 12-15 насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээсэн жүжиг юм байна. Ер нь ахлах ангийн юм уу эсвэл бүр бага анги, бага насны хүүхдэд зориулсан бүтээл их байдаг тул энэ удаа хамгийн эгзэгтэй насныханд зориулсан бүтээлээр жүжиг тавьж байгаагаараа онцлог аж.
Жүжгийн тендерт Нийслэлийн “Улаанбаатар” чуулга хамтран оролцсон байна. Тус чуулгын тайзнаа сурагчдын амралтыг тохиолдуулан энэ сарын 13-нд нээлтийн тоглолтоо хийх аж. Жүжгийг "Хөх гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд энэ жүжгээр театрынхаа албан ёсны нээлтийг хийх аж. 14-16-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа, 17-нд Монголын хүүхдийн ордны тайзнаа жүжгийг тоглох юм байна.
2009 онд зохиолч Ц.Түмэнбаярын “Хурдан том болмоор байна” кино зохиол шалгарч байсан аж. Тэрээр эл жүжгээс өмнө нь сургуулийн бага ангийн сурагчдад, тэр тусмаа зургаан настай хүүхдүүдэд кино зохиолоо зориулж байжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )