З.Энхболд: Их, дээд сургуулиудыг түшиглэн дэвшилтэт технологийг түлхүү дэмжсэн сургалтын тогтолцоо бий болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03


 

 

                 -ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ-

 

 

2012.09.03                                                                                           Улаанбаатар хот

 

 

Монгол Улсад инженер, техник технологийн чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж улс орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа сургуулийн хамт олон, төгсөгчид, оюутан Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье.

 

Улсын Их Хурал Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өгсөн. Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хууль эрх зүйн орчинг Улсын Их Хурал бүрдүүлж чиглүүлж өгсөн.

Тус сургуулийн 18 бүрэлдэхүүн сургуульд бакалавар, магистр, докторын нийт 376 мэргэжлээр 31 мянга гаруй оюутан  суралцаж байна. Мөн коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон гүнзгийрүүлсэн сургалттай ангид нийт 6 мянга гаруй сурагч суралцаж, 1200 гаруй эрдэмтэн профессор, багш нар, 6 эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй судалгааны төвд судалгааны ажил хийж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд тавин мянга дах төгсөгчөө төгсгөж, нийт төгсөгчдийн 80 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа нь танай сургуулийн хамт олны ажлын амжилт, үр дүн юм.

Монгол Улсын хөгжил дэвшилд шинжлэх ухаан, инженер, техник технологийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг их ээ. Энэ ажил үйлсэд танай хамт олон итгэл, зүтгэл гарган ажиллаж байгааг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “Их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх чиглэл”-д танай сургуулиас эхлэн энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэр гаргасан. Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, багш, эмч, инженер бэлтгэх, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжихэд анхаарал тавин ажиллаж байна.

“Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл холбоо, нано болон биотехнологийн чиглэлээр гадаад дотоодын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсон хүчнийг өөрийн орны нөхцөлд бэлтгэж өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллана.

Бидэнд хамтдаа шийдвэрлэх олон чухал асуудлууд бий. Юуны өмнө их, дээд сургуулиудыг түшиглэн дэвшилтэт технологийг түлхүү дэмжсэн сургалтын тогтолцоог бий болгоно. Энэ чиглэлээр суралцаж төгсөх оюутны тоог нэмэгдүүлэх, сургуулиудын бие даасан байдлыг бэхжүүлэх, сургалт-судалгааны төвүүдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Ингэхдээ шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээс гадна их, дээд сургуулиудын дунд нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтаар судалгааны ажлыг санхүүжүүлэх, чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлнэ. Сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулж, түүндээ дэвшилтэт технологийн компанийг бойжуулж, зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.

ШУТИС-ийг олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын ба хэтийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх их ажил биднийг хүлээж байна.

Гадаадын их сургуулиудтай профессор багш, судлаачид, оюутан солилцоог улам эрчимжүүлэх, хамтарсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх, зайн сургалтын хүрээг тэлэх, үүлэн технологид суурилсан нээлттэй их сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага ойрын зорилтуудын нэгэн хэсэг болж байна.          

Цаашид ШУТИС-ийг дэлхийд нэртэй, нээлттэй, сонгодог их сургууль болгон хөгжүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх үйлсэд Тань амжилт хүсье.

               Эрдмийн цагаан мөр дэлгэрэх болтугай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top