Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу 9 сарын 1-нд оюутан залуустаа зориулан “Up music production”-оос урамжлал болгон зохион байгуулдаг “Хичээлийн дараа” супер шоу бямба гаригт болж өндөрлөлөө. Олон мянган залуусыг нэгэн дор цуглуулсан тус шоу 18.00 цагт эхлэх байсан ч 19.40-д эхлэсэн юм. Шоугаа тэсэн ядан хүлээсэн залуус цагаасаа хоцорч буйд нь нэлээдгүй бухимдан шүгэлдэж алга ташсан. Зарим нь Монголын тоглолт цагаасаа ямар эхлэх биш хэмээн тайван хүлээн зогсож байв.
Ямартаа ч шоу маань нэлээн хүлээлгэсний эцэст дэлхий даяар хит болоод байгаа “Gangnam style” дууны аялгуунд бүжиглэдэг хэсэг залуусын бүжгийн хөдөлгөөнөөр эхэллээ. Тэдний дотроос ногоон хүрэм, пүүз, саравчтай малгай, үүргэвчээр гангарсан нэгэн хүү “Сайн байцгаана уу” хэмээн их л дотно үзэгчидтэй мэндэллээ. Тэрбээр өөрийгөө 1993 онд төрсөн намайг Ууганаа гэдэг хэмээн танилцуулсан юм. Хичээлийн шинэ жилийн хамгийн эхний өдөр залуустайгаа уулзах азтай хамтлагаар "UFO" тодорлоо. Тэд шоунд хуран цугларсан залуустаа зориулан өөрсдийн уран бүтээлээс хүргэсэн. Дараагийн хамтлагаар царай зүс тэгшхэн гэх тодотголоор “MC collection” тайзнаа гарч ирэхэд охид баярлалдан хашгиралдлаа. Хамтлагийхан халуун дотноор хүлээн авсан охидууддаа зориулан “Тэр л охинд”, "Хүлээлт” “Уулзахсан” зэрэг уран бүтээлээрээ бэлэг барьсан юм.
Залуусын дунд уран бүтээлээ хит болгож тэднийхээ алга ташилтыг тоглолт бүрт мэдэрдэг хамтлагууд гарч ирсээр байлаа.
"Faraway" хамтлаг “247”, “Extacy” хамтлаг “You win”, Мино, Амараа нар “Хатариш” мөн "Universe best songs" наадмын шилдэг гурван оролцогч болох Э.Мишээл, Э.Соёмбо, Б.Мөнх-эрдэнэ нар “I believe i can fly” дуугаар үзэгчдэд бэлэг барьж залуусыг жинхэнэ утгаар нь доргиолоо.
Хичээлээсээ дандаа хоцордог сурагч
Хөтлөгч Ууганаа Цоомоог “Тэр дандаа хичээлээсээ хоцордог. Өнөөдөр ч бас хоцорч ирэхээр нь багш шал угаалгасан. Тэр найз маань шалаа угааж дуусчихаад ирчихэж” хэмээн зарласан юм. Цоомоо энэ шоуны хөтлөгчийн үүргийг хүлээгээд байсан. Тэр цугларсан залууст зориулан нэгэн "гарын" бэлэгтэй ирсэн хэмээн
“Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн саырн нэгэн болохоор
Ерөөсөө бидний баяр даа”
дуулж эхэллээ.Үнэхээр түүний дууг хүн бүр даган дуулж байсан.Энэ үед би ч бас "10 жил ч үнэхээр сайхан шүү" хэмээн өөрийн эрхгүй сурагч үеэ санагалзаж байв.

Энэхүү дууны дараа залуусын үзэх дуртай шоуны нэг болох “Universe best songs-2012” наадмын ялагч Э.Төгсбаяр “Халлэлуйяа” хэмээх уянгалаг дуугаар бэлэг барьсан юм.
Цоомоогийн цуглуулга
Хөтлөгчид бие биенээсээ юу цуглуулдаг тухайгаа сонирхоход Цоомоо "дотоож" цуглуулдаг. Миний дотоожны цуглуулганы хажууд Цэцэ цаашаа хэмээн тэрүүхэндээ залууст хөнгөн инээд бэлэглээд авсан.
Ингээд “Хичээлийн дараа” шоуны дараагийн хамтлаг бол “Улаан туг” хамтлагийнхан.Тэд өөрсдийн дэглэсэн сонирхолтой бүжгээр залуусыг дор бүрнээ бүжиглэтэл нь доргиосон.
Дуучин Отгоогийн сонголт
Хөтлөгчид тайзнаа гоё хөлтэй, хүн гомдоодоггүй нэгэн дуучныг тайзнаа урьж байна. Тэр бол дуучин Отгоо хэмээн урив. Түүнийг тайзнаа гарч ирэхэд олон залуус халуун дотноор хүлээн авч санасан сэтгэлээ илэрхийлсэн. Эзгүй арал руу Цоомоо, Ууганаа хоёрын хэнтэй нь явах вэ? хэмээн дэггүй хөтлөгчид Отгоогоос асуухад тэрээр үзэгчдээс алинтай нь явах вэ? хэмээн тэрүүхэндээ "сонгууль" явуулаад амжлаа. Өрсөлдөгчдийн төлөө үзэгчид саналаа эн тэнцүүхэн өгсөн учраас "хоёуулантай нь явья" гэсэн хариултыг дуучин маань өгсөн. Тэрээр хуучны хит дуунууд болох “Нэгэн залуу” “Би ч үгүй” дуунуудаа дуулсан нь үнэхээр сайхан байсан.

Үзэгчид хамтаараа “лаг” байсан
Үзэгчид “Хичээлийн дараа”-д ирсэн хайртай дуучиддаа зориулан өөрсдийн зүгээс давалгаа хэмээх сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн. Түүнд оролцоход мөн харахад үнэхээр гоё байсан. Мөн дуучдын дуунд өөрсдийн гар утасны гэрлийг асаасан нь шөнийн тэнгэрт гэрэлтэх од адил үнэхээр гайхалтай харагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
Тодотголтой дуучид
“Эр хун” гэх нэрээр Дуучин A Cool-ийг хөтлөгчид тайзнаа урьлаа. Тэрээр тайзан дээр “сая хальтраад уначихлаа” хэмээсээр гарч ирэн “Цэцэгчний хүслэн” дуугаа дуулсан юм.

Түүний дараа “Алтан гургалдай”-н хоолойтой дуучин Баярцэцэг өөрийн уран бүтээлүүдээсээ өргөн барьсан нь залуусын сэтгэлд ихээхэн хүрсэн. Түүний уянгалаг хоолой хөөрхөн инээмсэглэл нь залууст их л таалагдсан бололтой “дахиулья” хэмээн хэсэг залуус идэвхийлэн орилж харагдсан.
“Хип хоп”-чдын ноёрхол
Хип хопчдыг тэргүүлэн рэппэр Rokit bay “hand’s up” уран бүтээлээрээ бут авсны дараа Цэцэ “Бөртэ бүжин” дуугаа дуулсан нь залуусын цөсийг хөөргөсөн. Мөн удахгүй таван жилийн ойн тоглолтоо хийж гэж байгаа "Outlaw" хамтлаг “Зүрхэн тэнгэрийн наран” дуугаараа оюутан залуустаа сурлагын амжилт хүссэн юм.
Гэнэтийн бэлэг
Зохион байгуулагчдын зүгээс “Хичээлийн дараа” шоунд хүрэлцэн ирсэн залуустаа зориулан гэнэтийн бэлэг барьдаг уламжлалтай. Тэд энэ удаад тэнгэрт өнгө өнгөөр солонгорох салютийн үзүүлбэрийг бэлджээ.

Тоглолтын хаалт
Залуусын сонсох дуртай "Лемонс" хамтлаг “Улаанбаатарын үдэш” дуугаа залуустаа зориулсан бол Монгол рэппэр Gee хэсэг бүлэг хүмүүст зориулсан гэх уран бүтээлүүдээ хүргэсэн нь залуусын жинхэнэ цөсийг хөөргөлөө. Дуучин тайзнаасаа буун үзэгчид рүү өөрийн өмсөж явсан цамцыг шидсэн нь тэрүүхэн хавьдаа нэлээн шуугиан дэгдээгээд амжсан.

Ингээд дараа жилийн “Хичээлийн дараа” супер шоугаараа эргэн уулзья. Сурлагын өндөр амжилт хүсье! гэх үгсээр тоглолт маань дууссан юм.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )