Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан оюутны тэтгэлэг олгох тухай хууль УИХ-аар батлагдан, энэ оны нэгдүгээр сараас олгож эхлээд буй. Их, дээд сургуулийн өдрөөр бакалаврын болон магистрын ангид суралцаж байгаа оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болж, багагүй маргаан дагуулаад байгаа ч энэ хичээлийн жилд мөн л олгох бөгөөд 200 мянган оюутан авах тоо гарчээ. Мөн суралцаж байгаа голч дүнгийнхээ онооноос хамаараад тэтгэлэг нэмэгдэх боломжтой. Оюутныг тэтгэлэгтэй болгосноор сурах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзээд буй. Өнгөрсөн хугацаанд тэтгэлэг олгох явцад зарим сургуулиуд сургалтын төлбөрөө төлөөгүй, ном худалдан авах ёстой зэрэг шалтгаанаар 70 мянган төгрөгийг нь тухайн оюутанд олгохгүй байсан тохиолдол гарч байв. Хуульд зааснаар бол тэтгэлгийг тухайн оюутан хэрхэн зарцуулахаа өөрөө шийдвэрлэх учиртай. Иймд дээрхийн адил хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхын тулд Монголын Оюутны холбоо анхаарал хандуулан ажиллахаар болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )