БИ УУЧИЛСАН....

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Уучлал бол хамгийн том ялалт хэмээх сайхан үг байдаг. Гэвч бид тэр бүр нэг нэгийгээ уучилж чаддаг бил үү...

Зүрх сэтгэлдээ ямар нэгэн гомдол тээж амьдарна гэдэг үнэхээр дарамттай байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс тэрхүү онцгүй мэдрэмжийг амсахгүй байхын төлөө, хэн нэгэнд гомдсон бол түүнийг уучлан сэтгэлээ чөлөөлөхийн төлөө бүгдийг уриалахыг хүсэн энэхүү сэдэвтэй холбоотой, ухаарал хайрлахуйц зарим шүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

...Дэрээ нэвчтэл уйлаад хоносон хүйтэн шөнүүдийн чинь төлөө

Дэргэд чинь байгаагүй залуугийн чинь өмнөөс уучлалт гуйя

Дээлэндээ даарч дэнгийн эрвээхэй шиг шатсан хайрын чинь төлөө

Дэрвэс дэрвэсхэн салхи шиг хийсчихсэн эрийн өмнөөс өршөөл эрье

Гүнж төгөлдөр монгол бүсгүйчүүд минь ээ

Гэзгэндээ хайр сүлжсэн наран тэнгэрүүд минь

Гар бээрүүлсэн жаврын үзүүрт чинь эрчүүд бид байсан бол

Гомдоод унагасан нулимс бүрийн тань төлөө өршөөл эрье

Тэврэлгүй тэр чигтээ явчихсан тэр залуугийн өмнөөс

Тэнгэрийн чинь одыг туугаад явчихсан тэр нэгэн эрийн өмнөөс

Тийм ариухан нүд рүү чинь гунигийн гадас хатгасан бас нэгний өмнөөс

Тэргэл саранд нулимстай шивнэсэн гомдол бүрийн чинь тоогоор таниас уучлал гуйя...

 ...Яг л хаялаад хайлсан цас газартаа гомдоллодоггүй шиг

Яг л ургаад хагдардаг цэцэг намрыг уучилдаг шиг

Яг л дуслаад шингэдэг бороо цэцэгсийн үндсэнд уйлдаггүй шиг

Яах вэ дээ, муу эрчүүдээ уучлаад хайрлаач,урам өгөөд үнсээч...

БИ УУЧИЛСАН....

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж ниссэн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр будантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан.
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг ч бас уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад ирээсэй гэж ерөөсөн.
БИ УУЧИЛСАН
Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан.
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан.
БИ УУЧИЛСАН
Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь
Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжин цаана минь хайр ундарсан.
БИ УУЧИЛСАН...

  Бэлтгэсэн Д.Мигаа

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top