Өнөөдөр УДЭТ-т Нийслэлийн боловсролын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, дэд сайд Б.Ундармаа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч дарга Ц.Баатархүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ч.Отгонбагана тэргүүтэй, 305 цэцэрлэг, 265 сургуулийн удирдах ажилтнууд оролцож 2011-2012 оны хичээлийн жилийн тайлан болон 2012-2013 оны хичээлийн жилд баримтлах бодлого чиглэлээ хэлэлцсэн юм.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд сургуулийн орчин, засвар үйлчилгээ буюу материаллаг нөхцөлд анхаарах болжээ. Иймд энэ хичээлийн жилд сургалтын чанарт илүү анхаарал хандуулж ажиллахыг онцолж байв.
Зөвлөгөөнийг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Энэ хичээлийн жилд боловсролын салбарт реформ хийж ажиллана. Энэ реформын гол цөм нь хүүхэд. Хүүхэд дотроо “хүүхэд бүр” байна гэж тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрт хандсан сургалт руу бид шилжинэ. Хүүхэд бүрт хичээл зааж, сургана гэдэг томъёоллоос хүүхэд бүрийг сурах хүсэл, сонирхолтой болгох систем бий болгоно гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл шахаж, тулган сургадаг хэлбэрийг халах хэрэгтэй. Мөн хүүхэд бүрийг ойлгох, сонсох, мэдрэх эхлэлийг бодож ажиллахыг та бүхнээс хүсмээр байна. Ямар нэгэн өвчнийг эмчлэхийн тулд оношилж эмчилдэг. Иймд нэгдүгээр ангид орж байгаа сурагч бүрийг багш ШУ-нд үндэслэн таньж, түүнд зориулсан сургалтын программыг бий болгох ёстой. Сургуулийнхаа тухай ярихдаа сурагчдынхаа тухай ярьдаг болмоор байна. Манай сургуулийн хичээлийн байр, анги танхим, гадаад орчин гэж ярихаас илүү хүүхдүүдийнхээ чадварыг ярьдаг байгаасай гэж боддог. Боловсрол гарт баригддаггүй учраас материаллаг талаа ярьдаг л даа. Үүнийгээ боловсролын салбарын ололт мэтээр ярихаас өөр хэлэх юм байдаггүй юм байна. Энэ хичээлийн жилд бага ангиудад хоорондоо уралддаг олимпиад болохгүй гэдгийг хэлмээр байна: Бага ангийн хүүхэд гэдэг өөртөө байгаа мэдлэгтээ суурилсан чадварыг л олж авах хэрэгтэй, болохоос уралдах, өрсөлдөх чадварт хүрээгүй байдаг. Энэ бүгд ганцхан жил хийх ажил биш. Харин дээрх ажлуудын эхлэл нь энэ хичээлийн жил гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Хүүхэд хүмүүждэг газар гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй” хэмээн яриагаа өндөрлөлөө.
БШУ-ны сайд Л.Гантөмөр зөвлөгөөнийг нээн энэ хичээлийн жилд ажиллах чиглэлийг тодорхойлж байх үеэр багш утсаараа тоглож суув. Хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Ийм хайхрамжгүй байдал дахин бүү харагдаасай билээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )