Өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд Монгол улсын Оюуны өмчийн газраас батлагдсан загвартай сурагчийн дүрэмт хувцсыг дууриалган хийсэн, муу материалтай дүрэмт хувцас Хятад улсаас их хэмжээгээр орж ирж худалдаалагдаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Хичээлийн шинэ жил эхлэхэд дөрөв хоног үлджээ. Манай улс сурагчдыг өмссөн, зүүснээрээ хоорондоо ялгаатай харагдуулахгүйн тулд сурагчийн дурэмт хувцас өмсгөхөөр “Оюуны өмчийн газар”-т загвараа батлуулсан билээ. Хэдий сурагчдыг дүрэмт хувцасжуулж эхлээд байгаа ч бага, дунд ангийнхан л дүрэмт хувцсаар жигдэрч эхлээд буй. Харин ахлах ангийнхан цагаан цамцаар жигдэрдэг. Учир нь дүрэмт хувцас үйлдвэрлэж буй компаниуд нийт сурагчдын 10 хүрэхгүй хувийг л дүрэмт хувцсаар хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл хагас сая гаруй хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх хүчин чадал манай улсад одоогоор байхгүй юм.
Ийм цаг үеийг ашиглан Хятад улсаас чанар муу, Оюуны өмчийн газраас баталсан загвар бүхий сурагчийн дүрэмт хувцас их хэмжээгээр орж ирэн томоохон захуудад худалдаалагдаж эхэлжээ. Одоогоор ЕБС-иуд ямар дүрэмт хувцсаар жигдрэхийг өөрсдөө шийддэг. Үүнийг ашиглан сургуулиуд танил талаа дэмжин өөр өөр загвар бүхий дүрэмт хувцас худалдаж, жигдэрдэг тал бий. Ингэснээр хувийн болон улсын сургуулиуд хямд эсвэл өндөр үнээр дүрэмт хувцас худалдаалан бизнес хийх нөхцөл бүрдсэн гэж үзэж буйгаа Монголын сурагчдын холбооны дарга мэдэгдлээ. Мөн зарим дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компани Хятадад үйлдвэрлэж авчирдаг ажээ. Иймд эцэг эхчүүдийг захаас бус дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий үндэсний үйлдвэрлэгчдээс авахыг уриалж байна. Учир нь захуудад зарагдаж буй дүрэмт хувцас Хятад улсад үйлдвэрлэгдсэнээс гадна чанар муутай аж.
Иймд нэлээд сайн судалгааны үндсэн дээр үндэсний үйлдвэрлэгч компаниудыг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Ингэхдээ үнэ, чанар стандарт зэргийг сурагчдын болон эцэг эхийн санал асуулга дор шийдвэрлэж, улсын хэмжээнд нэг загварт хүрэх шаардлагатай болжээ.
Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ: Хятадын шаардлага хангахгүй дүрэмт хувцас өмсөнө гэдэгтэй эвлэрэхгүй
-Өнөөдрийн хурлыг яагаад зарлах болов? Холбоо ямар мэдээллийг хүргэх гэсэн юм бэ?
-Сурагчид нэгдсэн дүрэмт хувцастай байх нь зүйтэй гэдэг БШУ-ны яамнаас гаргасан саналын үндсэн дээр тавьж байна. Хоёрдугаарт, хувцсыг сонгохдоо ямар нэгэн эдийн засгийн ашиг сонирхолд өртчихвий. Хамгийн бага үнэтэй, чанартай, нас сэтгэхүйд нь таарсан хувцас шаардлагатай байна гэдэг саналыг хүргэх гэсэн юм. Мөн орон нутагтаа дүрэмт хувцасаа үйлдвэрлэдэг байх хэрэгтэй байна. Орон нутагт оёдлын үйлдвэрийн бизнесийг дэмжихэд ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Улсын хэмжээнд 1-11-р ангийн хагас сая гаруй сурагч байдаг. Бүх сурагчийн дүрэмт хувцсыг нэг жилийн хугацаанд хангах хүчин чадалтай үйлдвэр байхгүй. Иймд үйлдвэрлэлийг дэмжихэд Засгийн газраас ул суурьтай хандаач ээ. Асуудлыг ингэж шийдэхгүй бол магадгүй жилийн дараа хятадаас чанарын шаардлага хангахгүй дүрэмт хувцас орж ирээд хүүхдүүд өмсөнө гэдэгтэй манай холбоо эвлэрэхгүй гэдгээ хэлмээр байна. Уг асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн болон хүүхдийн байгууллагуудын тусламжтай нэг загварыг эцэг эхчүүд, сурагчдын дунд нээлттэй хэлэлцүүлээч ээ гэдэг санал тавих гэсэн юм. Нэг загварын сурагчийн дүрэмт хувцсыг сонгосноор дараах асуудлыг шийдэж болно. Хоорондоо нэгнийгээ ялгаварлахгүй, сурагч гэдгээ хаана ч батлах боломж нээгдэж байгаагаараа зөв зүйтэй. Дүрэмт хувцасны даавуун материалын чанар чухал байдаг. Тухайлбал манай орны нөхцөлд таарсан байх хэрэгтэй.
-Хятадаас орж ирж байгаа гэсэн баримт бий юу?
-Зах дээр гараад харж болно доо. Мөн ихэнх сургуулийн багш, захирал Эрээнд очоод л загварыг сонгочихож байна шүү дээ. Зах зээлийн үнээс өндөр үнээр өгч байгаад харамсаж байгаа.
-Ирэх жилээс дүүргээрээ нэгдсэн дүрэмт хувцастай болно гэж ярьж байгаа шүү дээ?
-Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Улсын хэмжээнд нэг л загвартай байна гэхээс биш дүүрэг дүүргээрээ бас л ялгаварлал гарна. Ер нь хүүхдүүд дүүрэг дүүргээрээ хоорондоо муудалцдаг ч юм уу, муухай сайхнаар хэлэх асуудал гарч болно. Тэр битгий хэл баян хүүхдүүд ядуу хүүхдүүдийг дүрэмт хувцасаар нь ялгаж байна шүү дээ. Хувийн сургуулийн хүүхдүүд гэмт халдлагад өртөх нь нэмэгдсэн байгаа. Энэ ч мөн уг асуудалтай холбоотой.
-Улсын хэмжээнд хичнээн сургууль захаас дүрэмт хувцасаа авч байгаа бол? Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Ер нь 90-д хувь нь хятадаас ирсэн дүрэмт хувцас өмсөж байгаа. Үлдсэн хувь нь үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас өмсөж байна даа.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 4 )
ypge ni ymar urt ym be
duremt huvtsanii zagvar teneg bn
tgd hamgiiin gol ni zurag hna bna we