Нийслэл хотын автозамын түгжрэлийг багасгах талаар Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын зүгээс шинэчилсэн журам мөрдүүлэхээр шийдвэрлэн өчигдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Аливаа зүйл хэзээ ч бүрэн дүүрэн, төгс төгөлдөр байдаггүй , сайн саар хоёр талыг агуулж байдгаараа онцлог. Үүний нэгэн адил автозамын энэхүү шинэ дүрэм, журам мөрдөгдөж эхлээд нэг хоноход жолооч, зорчигчдын зүгээс цөөн бус санал хүсэлт гарсаар байна.
Өчигдрийн байдлаар 1, 6-аар төгссөн дугаар бүхий зорчих хөдөлгөөнд оролцох ёсгүй машин шинэ журам зөрчин оролцож байгаа нь нилээн ажиглагдаж байсан бол өнөө өглөө ажиглалт явуулахад 2, 7-оор төгссөн дугаартай машин төдийлөн их харагдахгүй байгаа нь ерөнхийдөө шинэ арга хэмжээний хэрэгжилт зөв голдрилдоо орж эхэлж байгаа бололтой. Үүнд өчигдөр авто FM96.3 руу хүмүүс өдөржингөө журам зөрчиж буй 1, 6-аар төгссөн дугаартай машины талаар мэдээлж байсан нь нөлөөлсөн байж магад.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд бид нийгэмд болж буй, болохгүй байгаа зүйлсийн талаар тухай бүрд нь ард иргэддээ үнэн зөвөөр мэдээлж байх чиг үүргийн дагуу өчигдөр нийслэлийн замын хөдөлгөөний байдалд ажиглалт хийж үзлээ.
Хотын төв хэсгээс бусад газраа бол энэхүү шинэ журам их үр өгөөжтэй, харьцангуй түгжрэл багассан нь мэдэгдэж байв. Харин төв хэсэг буюу 25-р эмийн сангаас Зүүн дөрвөн зам хүртэлх хязгаарлалтын хоорондох зам бөөгнөрөл, бухимдал ихтэй байгаа нь ажиглагдаж байлаа.
Тухайн өдөрт арван цифрээс ямар нэгэн хоёр тоогоор төгссөн дугаар бүхий машин хөдөлгөөнд оролцохгүй гэдгээс баримжаалан тооны ухаанаар бодож үзэхэд нийт машины 1\5 буюу 20 хувь нь хасагдан, дээрээс нь шинэчилсэн журмаар автомашинаар ажилдаа ирэх эрхээ хасуулаад байгаа төрийн албан хаагчдын төмөр хүлгийг хасаж тооцвол хангалттай гэхээр хөдөлгөөн шингэрэх дүр зураглал харагдаад байгаа билээ.
Хэдийгээр замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо цөөрсөн ч хотын төвдөө бахь байдгаараа түгжрээд бөөгнөрөөд байгаагийн гол шалтгаан нь нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зориулан өглөөнөөс авахуулан оройны 22.00 цаг хүртэл бүтэн өдрөөр чөлөөлөөд байгаа явдал бололтой.
Энэ нь нэг талаас нийтийн тээврийн хэрэгсэл түгжрэлгүй хурдан явах сайн талтай ч нөгөө талдаа тэртэй тэргүй нарийхан замаас бүтэн нэг эгнээ өдөржин алга болчихоор бусад тээврийн хэрэгслүүд үлдсэн жаахан эгнээндээ багтаж шингэлцэхгүй, бөглөрч тагларах асуудал үүсээд байгаа нь харагдаж байв.
Иймд нэгдүгээр эгнээний чөлөөлтийг тодорхой цагийн хязгаартай буюу өглөө ажил сургууль цуглах цаг болох 07.00-10.00 хүртэл, орой ажил сургууль тарах 17.00-20.00 цаг хүртэл чөлөөлөөд бусад цагт нь тавьж өгч байвал хотын төв хэсэг буюу 25-р эмийн сангаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын түгжрэл өдрийн цагаар харьцангуй багасах боломжтой юм.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )