Өнөөдөр Монголын оюутны холбоо хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Учир нь энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиуд төрөөс багш ажилчдын цалинг нэмсэн гэх үндэслэлээр сургалтын төлбөрийг 30-60 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Иймд тус холбоо багш ажилчдын цалин, хангамжийг нэмэгдүүлж, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг дэмждэг ч багш нарын цалинг дундаж цалинтай эцэг эхчүүдээс гаргаж сургалтын төлбөрөө нэмж байгааг эрс эсэргүүцэж, оюутнуудыг төлбөрөө төлөхгүй байхыг уриаллаа. Сургалтын төлбөр, сургалтын чанар хоёр харилцан шууд хамааралтай байх зарчмыг оюутны холбооны зүгээс хатуу баримталж байгаа бөгөөд аль нэг их дээд сургууль, коллеж бодит үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн тохиололд оюутан суралцагчид, тэдгээрийн эцэг эхчүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй.
Учир нь оюутнуудын жилийн төлбөр доод тал нь нэг сая гаруй төгрөг болж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 600 мянган төгрөг байдаг. Ийм орлоготой иргэд хүүхдийнхээ төлбөрийг хэрхэн төлж, юу идэж, өмсөх билээ.

Сэтгэгдэл ( 0 )