Үүнтэй холбогдуулан Засаг дарга Э.Бат-Үүл өглөөний 06:00 цагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо” компани дээр очиж эхний ээлжийн жолооч кондуктор нарт ажлын амжилт хүсч замд нь үдэн гаргалаа.
Тус компаний нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх паркаас 17- Орбит Тэнгис кино театр Цэцэг төв , 27- Таван шар Баянзүрхийн товчоо, Морингийн даваа МУИС зэрэг чиглэлийн автобусууд гарав.
“Тэнүүн-Огоо” компани өдөр бүр 117 автобус гарган нийслэлийн иргэдэд нийтийн тээврээр үйлчилдэг өөрийн байр суурийг баттай эзэлсэн үндэсний аж ахуйн нэгж ажээ.
Компанийн удирдлагын зүгээс “урьд нь нийтийн тээврийн автобусны туулах чадварыг дээшлүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Энэ удаагийнх нь зөвхөн хотын төв гудамжний тодорхой хэсэгт замын нэг дүгээр эгнээг чөлөөлөхтэй зэрэгцүүлээд ажлын таван өдөрт автомашины дугаараар хязгаарлалт хийж, нийслэлийн томоохон захууд, Их дээд сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа нь иж бүрэн арга хэмжээ боллоо. Одоо нийтийн тээрийн хэрэгслийн туулах чадварыг дээшлүүлэхэд засаг захиргаа ч, бид ч анхаарч хамтран ажиллах нь чухал боллоо” хэмээн хэлж байв.
Мөн өдрийн 11 цаг 55 минутаас Хотын захирагч “Таван шарын автобусны буудлаас Санкт-Петербургийн буудал хүртэл тус компанийн 27- Таван шар төв талбай, Баянзүрхийн товчоо чиглэлийн өдрийн гаралтын 14 дугаартай автобусаар үйлчлүүллээ. Автобусны жолооч Батзориг, кондуктор Жавзан нар нийтэд үйлчилж байлаа. 2012 оны 8-р сарын 24-ний А532 дугаар захирамжийн тухай Засаг дарга жолоочоос лавлахад, тэрбээр давуу эрх олгосон тэр орон зайд бусад газарт алдсан цагаа нөхөн боломж олдох боломж гарч мэднэ. Өнөөдрийн байдлаар зорчигчид нэмэгдсэн байна. Таван шараас хөдөлсөн эхний тойрогт суудал дүүрдэггүй байсан юм. Тэгвэл өнөөдөр суудал дүүрээд, иргэд зогсож Баянзүрхийн товчоо хүрсэн хэмээн хариулав.
Уг автобус нэг цаг 15 минут явж Санктпетербург буюу Сүхбаатарын талбайн буудал дээр ирсэн. Энэ хугацаанд замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн хүрээнд суудлын авто машин явах үзэгдэл гарч байсан. Тухайлбал: 0898 УНЦ, 5959 УНӨ, 4342 УНЗ,0828 УБЗ, 7268 УБЛ, 4645 УНР, 2989 УНС зэрэг автомашинууд автобус явах нэгдүгээр эгнээгээр явж бөглөрөл үүсгэж байсан бол баруун дөрвөн замаас 25-р эмийн сангийн уулзвар хүртэлх төв зам руу баруун гар руугаа эргэн орж байгаа суудлын авто машинууд нэг нэгийнхээ урдуур дайрч зохиомол түгжээ үүсгэж байсан байлаа.
Мөн 2162 УНЛ дугаартай суудлын автомашины жолооч замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулчихсан дугуйгаа нөхөөд сууж байхтай ч таарсан. Эдгээрийг нүдээр харсан хотын Захирагч “Захирамжийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтыг илүү сайжруулах хэрэгтэй юм байна” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж : НЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )