УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн БШУЯ-ны харьяа “Шинэ эрин” Олон Улсын лаборатори сургуульта танилцлаа. Тодруулбал, сүүлийн 2 жилийн турш хэрэгжиж эхэлсэн Кэмбриджийн олон улсын IGCSE түвшинд заадаг сургууль юм. 70 гаруй төрлийн хичээлээс 11 хичээлийг албан ёсны эрхтэйгээр зааж байна. Монгол-Англи хэлтэй хос хэлний "Шинэ-Эрин" сургууль нь ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг үзэхээс гадна 7-р ангиасаа эхлэн 12 хичээлээс цаашид дагнах хүсэлтэй хичээлээ сонгон судалж байгаа нь энгийн ерөнхий боловсролын сургуулиудаас ялгарна. Энгийн ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчид л хичээл сонгож үздэг. Гэхдээ төрөлх хэлээрээ үзэж судалдаг. Хос хэлний сургуульд суралцаж буй сурагчид орос, англи, математик, биологи, физик, хими, биеийн тамир, мэдээлэл зүй, дүрслэх урлаг, дизайн-технологи, хөгжим, бизнес судлал гэсэн хичээлээс сурагчид сонгон судлах бөгөөд эдгээр хичээл бүгд англи хэлээр явагдана. Харин суурь буюу бусад ерөнхий боловсролын сургуулиудад үзэж буй, заавал судлах хичээлүүд монгол хэлээр ордогоороо ордог байна. Тус сургуулийн захирал Б.Амартүвшин хэлэхдээ, Гадаадаас нэг ч хөтөлбөрийг орчуулж хэрэглээгүй. Манай улсын 120-иод багш, судлаачдын сүүлийн 3 жилийн судалгааны үр дүнд боловсруулагдаж байгаа хөтөлбөр. Монгол улсдаа өөрийн улсын иргэдийн онцлогт тохирсон системээр олон улсын боловсролыг эзэмших нь энэ хөтөлбөрийг гол давуу тал юм. Бид “Шавь-төвт” сургалтын хэлбэрийг ашиглаж, бие даан суралцах, сэтгэн бодох чадварт түлхүү анхаарч байгаа. Монгол хүүхэд бүрийг дэлхийн түвшинд хүргэх нь бидний зорилго хэмээн хөтөлбөрийнхөө талаар танилцууллаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар, Гадаадаас шууд хуулбарлаагүй нь сайшаалтай. Гэхдээ энэ хөтөлбөрийн талаар нийгэмд олон талын ойлголт явж байна. Зөв мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Тухайлбал, Боловсролын үнэлгээний газраас энэ сургуульд сурах хүүхдүүдийн шалгалтыг ямар стандартаар, шалгуураар авдаг юм, манайх болсон хойно хахууль өгөөд оруулдаг биз гэх мэт хардлага дагуулж байна. Мөн Кэмбриджийн олон улсын боловсрол гэдэг нэр томъёо ч иргэдэд төөрөгдөл үүсгэж байгааг анхаарах хэрэгтэйг сануулснаар энэ өдрийн хөтөлбөр өндөрлөсөн.

Сэтгэгдэл ( 0 )