ЗАХИДАЛ-5: Жаргал хүссэн хайрын захидал

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа ингэж дуудаж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд амьдралдаа бичиж байгаа анхны бөгөөд сүүлчийн захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь цаг тоолон догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай, аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд олон зүйл нуршилгүй захиагаа эхлэе.

 Их сургуулийн босгоор давж, амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш хоёр жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай. Хожмын өдөр амаа барьж, харуусалд элэгдэн суухгүйн тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал нь уншаарай.

Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхаад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод, ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцъя хэмээн оройн арван цаг хүртэл ангидаа яриа өрнүүлж суусан тэр өдрийг санаж байна уу. Тэдэн дунд үлдэхдээ би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг  бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсныг бүү мэд, ихэнхийг нь л ганцхан чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсноор даруухан, хаалттай хүн шүү дээ.

За тэгээд анх удаа ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, дөрвөн чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад уулын уруу онхолдсоноо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначихаад хэн ч анзаараагүй болохоор нь би босч хувцсаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан бээлийг чинь одоо хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд минь итгэх үү. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй ч, нэг удаа санамсаргүй харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан.

Дараа жил нь ангиараа хоёрдугаар курсээ төгслөө гээд зуслан явж нийллэг хийснээ эргээд нэг санаач. Бүгдээрээ зузаан курткатай, хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан, шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан ч байж магадгүй. Тэгээд ангийнхан маань дундаа дэлгэн найрлаж буй зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй ч байж магад.

Ингээд гуравдугаар курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай сан, бас нэг удаа шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү. Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбан суусаар шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг одоо ч тодхон санасаар байгаа.

Аз болж гуравдугаар курс дуусах дөхсөн үед манайхан ангиараа нэг бут шоудаж билээ. Шөнийн гурван цагт ангийнхан маань эхнээсээ арай гэж тарцгаасан. Нилээдгүй сархад зооглочихсон би тэрхүү уусан архиныхаа халуунд анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэж үгээ эвлүүлж ядан дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй, хааяа пиво энэ тэр л жаахан уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдья. Азаар чи аяархан за гэж дуугарснаар чичрээд байсан өвдгийг минь байранд нь оруулахад тусалж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч, ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийг нь уншчихсан байсан. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягийг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн дээ. Цааш нь юу болсныг чи сайн мэдэж байгаа байх аа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пар гээд гүйж одсон, тиймээ. Хэрвээ чи цонхоороо харсан бол, би замын чулуунуудыг хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. “За” байхдаа яахав дээ гэж нэг биш удаа, бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж, өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л гуравдугаар курс өнгөрч билээ.

Нуулгүй хэлэхэд, дөрөвдугаар курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотноссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд ирж байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор есөн сард ангийнхаа хаалгаар би хэнэггүй орсон. Оронгуутаа л чамайгаа өөрийн мэдэлгүй нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидынхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би тэгэхэд хашгирсан. Би хэл үг багатай хаалттай нэгэн, харин чи минь даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг минь чи гадарладаг байхаа.

Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсъё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй (дээрх шалгалтыг эс тооцвол) байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад хайртай байж магад гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь дөрвөн жил дурлаж явснаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч (эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү) гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суусан тэр хүрээнд би байсан, харуй бүрий болж эхэлж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань долоон сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал, нэг хүн гүйгээд явахад л сая чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрынхаа хойноос оройжин, бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ хоёр ч удаа чам дээр очсон, харин чи хэдэн охидтой түүнийг тойроод заримдаа аргадаад, заримдаа загнаад л суусаар байсан. Ерөөсөө ганцааранг нь дуудъя гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй, тиймээ.

Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж, маргааш өдөр буцахаас өмнөхөн арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдлого маань бүтээгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна.

Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж, хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ, чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд хоёр жил болохдоо зөвхөн чиний тухай бодож, ангийн нөхдөөсөө чиний тухай сураг асууж, бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн дөрвөн жилийн турш орь ганцаараа, хэн хүнд нүүр өгөлгүй явж ирснийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо их сургуулийн хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын дөрөвний өдөр энэ сургуулийнхаа сүүлийн хоёр жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дахь салбар руу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын долооны өдөр нисэн ирэхийг чинь сая мэдлээ. Чи бид хоёр зөрөх учиргүй. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд хоёулаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна.

Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, арай гэж олсон электрон шуудангийн хаяг руу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэд хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно.

Чамаас минь ирэх захиа надад аз жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чиний сэтгэл надад тэмүүлсэн хэвээрээ бол, чин зүрхний минь захиаг уншсан бол миний насны хайр, хань минь болохыг зөвшөөрөөч дээ.
Хариуг цаг минут тутамд хүлээн суух

Чиний хайртай ...... чинь.

Бэлтгэсэн  Д.Мигаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгшиглэн (66.181.161.76) 2025 оны 11 сарын 23

Гоё байна муудаг шүү

0  |  0
Эгшиглэн (66.181.161.76) 2025 оны 11 сарын 23

Гоё байна муудаг шүү

0  |  0
Top