Best of Best - Б.Чинбат: Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй болохоор эвийг нь олоход амар

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

ҮДБЭЧ-ын үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ажлынхаа хүрээнд тус байгууллага рок поп оддын “Их хуралдай” тоглолтыг маргааш Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Тус тоглолтод улсдаа нэг номерийн төгөлдөр хуурч гэгддэг Б.Чинбат оролцоно. Түүнийг “Best of Best” булангийнхаа анхны зочноор урьсан юм.

-Ардын хөгжимтэй тоглоно гэхэд танд ямар мэдрэмж төрж байна вэ?

-Шууд хэлэхэд маш гайхалтай. Би ардын хөгжмөөр дамжуулагдаж төгөлдөр хуур хэмээх хөгжмийн төрлийг эргэлт буцалтгүй сонгосон. Зарим хүн ардын хөгжим гэхээр жаахан хуучинсаг гэж бодоод байх шиг. Энэ тийм биш. Өнөөдөр ҮДБЭЧ орой бүр тоглолт хийгээд байхад яагаад үзэгч улам олшроод байгаа вэ гэдгийг бас бодох л хэрэгтэй. Энэ ардын хөгжим, Монгол ёс заншил маань хүмүүсийн сэтгэл зүрхийг соронзон мэт татаж байгаад оршдог шүү дээ. Тиймээс энэ сайхан уран бүтээлчидтэй хамтарч тоглох гэж байгаадаа баяртай байна.

-Та “Бут авна” гэж хэлэх дуртай. Энэ тоглолт мөн адил бут авах уу?

-Хоёулаа жаахан онгирч ярья тэгэх үү. Гэхдээ зөвхөн уран бүтээлээр.

-Тэгье л дээ?

-Зарим хүн шиг эд хөрөнгөөрөө баярхах гэж байгаа биш болохоор уншигчид маань ойлгох биз ээ. Энэ тоглолт манай улсад анх удаа болж байгаа ардын хөгжимтэй хосолсон рок попчдын цуглаан. Үүнд бүх шилдгүүд оролцоно.

-Та ямар номер бэлтгэсэн байгаа вэ. Таны тоглолт үзэгчдийг огшоох байх даа?

-Би өмнө нь тоглож байсан бүтээлүүдээ л сонирхуулна. Гэхдээ морин хуур, шанз, ятгатай хосолно. Үүгээрээ онцлог. Зарим хэсэгт нь Өөжгий гитарынхаа эгшгийг нэмнэ.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхоё?

-Төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллаж байна даа. Нэг киноны хөгжмийн санал ирсэн. Мөн нэг том бүтээл бариад бууж байна. Удахгүй дүрсжүүлж олны хүртээл болгоно.   

-Энэ бүтээл тань “Эргэн ёслохуй”-гаас давах болов уу?

-Би аливаа бүтээлээ өмнөхөөс нь давуулахыг хичээдэг. Тиймээс давсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь үзэгчид өмнөхийг нь олон удаа сонссон болохоор хэтэрхий дээгүүр хүлээж аваад удаахад нь үнэлгээ бага өгөх тал байдаг.

-Гэхдээ гоц бүтээл бол гараад л ирдэг биз дээ?

-Тийм. Гэхдээ би алдартнууд шиг гоц бүтээл хийж чадах биш дээ.

-Та битгий даруухан загна л даа?

-Даруухан байх гээд би ингэж ярьж байгаа юм биш ээ. Угаасаа л тийм юм чинь.

-Та жилийн өмнө “Давтагдашгүй” тоглолтоороо элэг нэгтнүүдээ баясгасан. Дахин тоглохгүй юм уу?

-Яг үнэндээ жил бүр тоглолт хийвэл үзэгчдэд хүндгүй болчихдог. Тэгээд ч хэд хэдэн шинэ бүтээл хийе. Тэгж байж л дараагийн тоглолтын тухай бодно доо.   

-Охин тань том болж байна уу? 

-Мишээл охин маань том болж байгаа. Аав, ээж хоёрыгоо зүгээр суулгахаа байсан. Би гадуур ажилтай явсаар орой гэртээ ядраад ирэхэд охин маань инээгээд угтдаг. Тэгэхээр бүх ядаргаа тайлагдах шиг болдог. Охиндоо аав, ээж нь маш их хайртай шүү. 

-Таныг фенүүд тань АНУ руу буцаад удаан хугацаагаар явчих вий дээ гэж түгшдэг болсон?

-Одоо эх орноосоо явахгүй ээ. Хэн нэгэн хөөсөн ч үгүй гэнэ. Бид өнгөрсөн хугацаанд юм үзэж, хэл устай болох гэж харийн орныг зорьсон. Тухайн үед дэвэрсэн сэтгэлтэй залуу байлаа. Харин одоо өөрөөр харах цаг болсон. Эх орондоо ч өөрийнхөө хэмжээнд уран бүтээл хийе. АНУ-д “Sweetymotion” хамтлаг маань сайхан ч амжилт үзүүлсэн. Одоо ч уран бүтээлээ хийгээд л явж байна. Би тэднийг “Би л та нарыг тийм зүйл хий гэж хэлдэг. Та нар жаахан хүүхэд биш одооноос хааяа ч гэсэн өөрсдөө шинэлэг зүйл сэтгэ” гэдэг. Манайхан амь болохоор уран бүтээлээ улам чанаржуулахын төлөө бодол, сэтгэлээ их чилээж байгаа.

-Та АНУ-аас дөнгөж ирээд ярилцлага өгөхдөө залуусаа “Их өөрчлөгдсөн байна гэж байсан. Эх орондоо нэлээд хугацааг өнгөрүүллээ. Таны бодол өөрчлөгдөөгүй биз дээ?

-Яалаа гэж өөрчлөгдөх вэ дээ. Боловсролдоо их анхаардаг ч болж. Саяхан би нэг хоолны газар сууж байтал хэдэн залуу зэргэлдээх ширээнд сууж хоол идэнгээ дандаа англиар ярьж байгаад гарсан. Тэгэхээр манайхан боловсорсон л байгаа биз дээ.

-Гэхдээ уран бүтээлд хөл тавих гэж байгаа зарим залуу олонд танигдахын тулд уран бүтээлдээ анхаарах биш карьер хөөх нь элбэг болсон. Үүнтэй санал нийлэх үү?

-Надад одоогоор тэгж санагдсан залуу таарсангүй. Хэрэв тийм бол тухайн хүний орчноос шалтгаална. Урлаг маш хатуу. Дуртай нэг нь дуулснаар олонд хүндлэгдэхгүй. Тийм бодолтой хүмүүс цаг хугацааны шалгуураар арчигдана.

-Та бүх төрлийн хөгжмийг тоглож чадна гэдэг байх аа?

-Тийм. Миний мэргэжил тийм байхыг шаарддаг. Би хөгжимчин болж төрсөн юм чинь бүх хөгжмийг тоглосон шиг тоглох ёстой.

-Та хөгжмийг хүнтэй зүйрлэдэг. Яагаад тэр вэ?

-Бүх хөгжим нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн араншинг илтгэдэг болохоор тэр.

-Төгөлдөр хуурч хүн хар бор ажил хийж болдоггүй гэдэг. Зайлшгүй хийх шаардлага гарвал та яах вэ?

-Ганцаараа явж байхад тийм зүйл тохиолдвол хийхээс аргагүй. Гэхдээ би зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан болохоор хүнд ажил хийж байгаагүй. Тэгэхээр сайн хийж чадахгүй байх аа.  

-Америкт та нэг дууны хөгжмийн найруулгыг ямар өртгөөр хийдэг байсан бэ?

-Хүний амьдралд нөлөөлөхүйц хэмжээний мөнгөөр. Зах зээл хөгжсөн орон юм чинь аргагүй биз дээ.

-Тэгвэл Монголд?

-Доод тал нь 300 ам.доллар.

-Та дэлхийн оддыг эх орондоо авч ирж тоглолт хийлгэж чадах уу?

-Чадна. Хамгийн гол нь улс хөрөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй.

-Хэдэн төгрөгөөр тоглодог вэ?

-Жишээ нь Бионсе бусад улсад тоглохдоо сая ам.доллар авдаг.

-Та дээхнэ “Шинэ хамтлаг гаргаж ирэх бодол бий” гэж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Одоогоор ажилдаа ороогүй байна. Санаанд хүрэх хүүхдүүдтэйгээ ч уулзаж амжихгүй юм.  

-Тэр хамтлаг тань эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу?

-Аль нь ч байж магадгүй. Ганцаарчилсан уран бүтээл ч байж магадгүй. Хамгийн гол нь урлагт бүхий л зүйлээ зориулж чаддаг залуус таараасай. Зөв цагт, зөв хүнтэй л уулзах хэрэгтэй. Намайг Америкт очиход ийм тохиол хүлээж байсан. Дэлхийн ододтой хамтарч ажиллах, хөгжмийнх нь найруулгыг хийнэ гэдэг том аз. Харин боломж бол надаас холуур өнгөрч байсан.

-Таны гаргаж ирэх залуус ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Энэ ярилцлагыг уншиж байгаа хэн нэгэн тантай хамтарч ажиллахыг хүсч байгаа ч юм бил үү?

-Мэргэжлийн ур чадварыг өндөр эзэмшсэн байх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн хамтлаг байвал танд туршлага байгаа. Ер нь эмэгтэй хүмүүстэй ажиллах хэцүү юү?

-Би дээр уран бүтээлийн төлөө бүхий л сэтгэлээ зориулж яваа хүн таараасай гэж хэлсэн шүү дээ. “Sweetymotion”-ынхан яг л ийм хүмүүс. Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй болохоор эвийг нь олоход амар.

-"Sweetymotion” хамтлаг хэдий хүртэл уран бүтээлээ хийх бол. Урлаг сайхан ч нас ахихаар хувийн амьдралдаа анхаарах цаг ирэх байх?

-Уран бүтээлч хүн байнга урын сангаа баяжуулж байх ёстой. Америкийн олон дуучин өндөр настай хэрнээ уран бүтээлээ хийгээд, залуучуудтайгаа шоунд оролцоод явж байна. Өөр улсынх ч гэлээ адилхан хүн юм чинь тэднээс юугаараа дутдаг юм. Тиймээс энэ хамтлагийнхан хэсэгтээ тайзаа орхиж, үзэгчдээсээ холдохгүй.

-Аав тань ҮДБЭЧ-д хуучир хөгжим тоглодог байсан гэдэг. Та багаасаа ардын хөгжим сонсч өссөн үү?

-Мэдээж. Ааваас гадна эгч бүжигчин байсан болохоор би энэ чуулгад өссөн гэж хэлж болно. Тиймээс өөрийгөө энэ урлагийг дэлхийд таниулах ёстой хүн гэж боддог. Хүн харж байгаагүй зүйлээ хамгийн сайхнаар төсөөлдөг. Би ч АНУ-д очоогүй байхдаа тэдний урлагийг гайхамшиг мэт төсөөлдөг байлаа. Харин тэнд удаан хугацаагаар амьдрахдаа нутгийнхаа урлагийг ямар ч улсынхаас илүү гэдгийг ойлгосон.

-Таныг сүүлийн үед чуулгаа орхиод хувийн уран бүтээлдээ анхаарах боллоо гэж хүмүүс ярилцах юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би чуулгатайгаа үргэлж холбоотой байгаа. Хэрвээ би чуулгаа мартсан бол энэ тоглолтод ч оролцохгүй. Чуулгынхантайгаа би саяхан ярилцаж, хэд хэдэн хөгжим найруулахаар тохиролцсон. Цаашдаа дэлхийд гайхагдсан бүтээл хийнэ.  

-Аавын тань тухай ярилцмаар санагдана. Та аавдаа зориулж “Сэтгэлийн гуйлга” нэртэй хөгжим зохиосон. Энэ хөгжмийг зохиох болсон түүхээс хуучилж болох уу?

-Миний аавыг гавьяат жүжигчин С.Батмөнх гэж хуучирчин хүн байсан. Хөгжмийн урлагийн “Алтан үе”-ийнхэнтэй 40 гаруй орноор аялан тоглолт хийж явсан. Би өдий зэрэгтэй яваагаа аавынхаа буян гэж боддог. Би энэ хөгжмийг аавынхаа биеийг муу байхад нь зохиосон. Аав маань энэ хөгжмийг сонсох үедээ нэг ч хөгжим сонсох тэнхэлгүй байсан. Тэгсэн хэрнээ эрхий хуруугаа гозойлгосон.

-Маш сайн болсон байна гэж үү?

-Тийм. Тэр дохио аавын маань сүүлчийн үг байсан. Хааяа аавыгаа санахдаа бурхан болохоос нь өмнө өөрт нь зохиосон хөгжмөө сонсгож чадсан минь том аз гэж боддог. Аавдаа дуун суварга босгосноор буян үйлдэж байна гэж ойлгож байгаа. Аавын минь тэр эрхий хуруу надад хззээ ч муу уран бүтээл хийж болохгүй шүү гэж хэлсэн шиг санагддаг.

-Аавын тань эрхий хуруу амьдрал, уран бүтээлийн тань замыг заажээ гэвэл?

-Үнэн.

-Та охиндоо зориулж дууны ая зохиож, эхнэрээрээ дуулуулна гэсэн. Дуулуулж амжсан уу?

-Хараахан амжаагүй байна. Тэр аялгууг Ц.Сарнайг төрөх гэж байхад эмнэлэг рүү явж байхдаа зохиосон шүү дээ. Мартчих гээд байхаар нь утсан дээрээ аялж хадгалаад дараа нь бүрэн хэмжээгээр нь бичсэн.

У.Баярсайхан

Top