Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус газрын ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгагдаж байгаа талаар өдөр тутмын сонинууд мэдээлсэн. Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг " Монгол ньюс" мэдээллийн төвд энэ хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Манайх “Кодак дурсамж” гэдэг хувийн гэрэл зургийн газартай гэрээ байгуулан 2008 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс энэ оны зургадугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд зурагчин Х.Сүх-Очир гэгч залуу ажлын байранд архидан согтуурсан болохоор нь бид хамтран ажиллахаас татгалзсан юм. Улмаар биднийг улсын компанитай хамтран ажиллах болсонд Х.Сүх-Очир хар санаж намайг АТГ-т шалгуулахаар хандсан юм билээ. Албаны 23 сая орчим төгрөгийг завшсан гэсэн гомдлын тухайд гэвэл 30x40 хэмжээтэй гэрэл зурагнаас гарсан ашгийг намайг хувьдаа авсан гээд байгаа юм. Би завшаагүй. Бүх баримт нь байгаа” гэлээ.
Хэвлэлийн хурлын дараагаар түүнээс цөөн зүйл тодрууллаа.
- Та Гэрлэх ёслолын ордныг хэдэн жил тэргүүлж байна вэ?
- 36 жил. Өчигдөр л гэхэд ачаалал ихтэй байхад ингэж бичээд байгаад гомдмоор юм. Гэхдээ би нэр төрөө сэргээлгэнэ.
- Гэрлэх ёслолын ордон өдөрт хичнээн хосын ёсолгоог хийх хүчин чадалтай вэ?
- 14. Гэтэл бид нар өдөрт 100 хос хүлээж авч байна. Тэднийгээ бодоод илүү цагаар ажилахад шуналтайдаа ингэлээ гэдэг. Үнэндээ манайд тушаасан мөнгө улсад орж байгаа.
- Танайхыг үйлчилгээ муутай, зай талбайн хувьд тааруу гэдэг?
- Энэ бол яригддаг асуудал. Хүн ам маань өсөж байгаа энэ үед ачааллыг тэнцүүлэхгүй байна. Улсдаа ганц болохоор бид нар 24 цагаар үйлчилж байгаа. Сайн өдөр манай ачаалал хэд дахин ихэсдэг болохоор хуримын ёслол үйлдэгчид шахагдах тохиолдол гардаг. Тэрнээс болж шахагдаж байна гэсэн яриа гарч байгаа. Тэрнээс биш бид нар ордны өнгө, үзэмжийг жил бүр сайжруулж байгаа.
- Өргөтгөл баригдах талаар яригдаж байсан?
- Бид энэ намар шавыг нь тавиад, ирэх жил өргөтгөл барьж дуусгана. Одоо зураг төслийн ажиллагаандаа явж байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хувь хүн бүрт сайн өдөр гэж байдаг. Тэр өдрөө ёслол үйлдэж болно. Тэгээд дор хаяж сарын өмнөөс захиалгаа өгөх хэрэгтэйг хэлмээр байна.
- Жил ирэх бүр танай үйлчилгээний төрөл нэмэгддэггүй хэрнээ үнээ нэмдэг гэдэг?
- Үгүй. Манайх 630-670,000 төгрөгөөр үйлчилж байгаа. Энэ мөнгө манайд биш улсад орж байгаа. Гэхдээ ёсолж байгаа хосын дансаар тушаасан мөнгөнд манай үйл ажиллагааны зардал /цалин, түрээс, ус гээд бүхий л зардал гардал/, 25 ширхэг зургийг тусгай зориулалтын альбом, бичлэг бүхий CD, таван машины чимэглэл болох шаар, тууз багтаж байгаа. Мөн ерөөл магтаал, хуурч, гал бадраах гээд бүх зардал шингэсэн байдаг. Би нэг зүйлийг онцолж хэлэх үү?
- За...
-Манай гал бадраах мод хүртэл тусгайлан бэлтгэсэн, зориулалтын мод байдаг. Зүгээр нэг жирийн мод асахгүй ш дээ. Тусгай хатаасан, зориулалтын цэвэр модыг шар тосоор тосолдог. Энэ мэтээр бүх зүйл утга учиртай байдаг.
- Таныг АТГ-аас хэзээ шалгаж эхэлсэн бэ?
- Наадмын дараанаас шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаах ажиллагаа ер нь дуусаж байгаа.
- Х.Сүх-Очир гэдэг хүний талаар та ярихгүй юу?
- Албан тушаалаа ашиглаад олон газар мэдээ тавиулаад байна. Надад ажиллахад хэцүү байна. Намайг биш миний үр, хүүхэд... /уйлав. сурв/ Х.Сүх-Очир ажлын байранд согтуу ирдэг. Ажил хийлгэдэггүй байсан. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг таван жил болоход төлөөгүй байсан.
- Тэр хүн яагаад таньд муу санав?
- Бид гэрээгээ жил жилээр нь сунгадаг. Энэ жилийн хувьд гэрээгээ сунгаагүй. Тэгээд танд ордог мөнгө улсдаа орог гэж хэлсний төлөө надад муу санасан. Тэр хүнтэй ямар нэг хувийн өс хонзон байхгүй. Тэр хүний эхнэр хяналтын прокурор болохоор энэ хэрэгт маш их нөлөөлж байна.
- Х.Сүх-Очиртой байгуулсан гэрээг цуцалснаар улсад орох ёстой байсан орлого хэд болж нэмэгдсэн бэ?
- Би тэр тоог одоогоор гаргаагүй байна. Манайд ёсолсон айл болгоны тоогоор Х.Сүх-Очирын халаасанд 100,000 төгрөг ордог бол гэрээг цуцалснаас хойш улсын үйлдвэрийн дансанд шууд ордог болно гэсэн үг.
- Таны идсэн гэгдээд байгаа 23 сая төгрөгийг та тайлбарлаад өгөхгүй юу?
- 30x40 хэмжээтэй гэрэл зурагнаас үүдэлтэй. Нэг хосын гэрэл зургийн альбом 130,000 төгрөгөөр бүтдэг. Үүнээс 100,000 төгрөгийг Х.Сүх-Очирын студид, үлдсэн 30,000 төгрөг манайд ордог. 2008 оноос хойш шилжүүлсэн мөнгө нь тийм болж байгаа юм. Тэгтэл бид тэр мөнгийг нийгмийнхээ асуудалд зарцуулдаг.
- Тэгэхээр та улсын мөнгө идээгүй гэж ойлгож болох уу?
- Идээгүй. Энэ олон жил болоход надаас санхүүгийн нэг ч зөрчил илэрч байгаагүй.
- Улсын төсөвт Гэрлэх ёслолын ордон жилд хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлдэг вэ?
- Жилийн төлөвлөгөөгөө урьдчилан төлөвлөнө. Төлөвлөгөөгөө биелүүлсэний төлөө олон шалгалтад орно. Манайд ёслол үйлдэгчдийн мөнгийг дансаар авдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн өмчийн газрын дансанд орж байгаа. Манайх жилдээ улсад 500-700 сая төгрөгийг төвлөрүүлж байна.
- Энэ жилийн хувьд?
- 600 орчим сая төгрөгийг улсын орлого болгох ёстой.
- Өнгөрөгч жилд ямар байсан бэ?
- Ноднин туулай жил байсан болохоор орлогыг нэг дахин давуулан биелүүлсэн.
- Таниас хувийн чанартай зүйл асууж болох уу?
- Бололгүй яахав.
- Та сард хичнээн төгрөгний цалин авдаг вэ?
- 600 хэдэн мянган төгрөг авдаг байсан.
- Одоо?
- Сүүлд төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдсэн. Төрд 28 жил ажилласан болохоор 25 хувийн нэмэгдэл авдаг. Тэгэхээр цалин дээр 200 хэдэн мянган төгрөг нэмэгддэг.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )