Хүүхдийн гэгээн нөхөрлөлийн гүүр “Зүүн Азийн Урлагийн Их Наадам” тун удахгүй Монголд...

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Өнөөдөр "Үндэсний мэдээлэлийн төв"-д "Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн Их Наадам"-ын талаар Хүүхдийн төлөө газар, Юнескогийн Үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.

Ази тивд соёлын олон төрөл зүйлийн харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгож, энх тайвныг тогтооход хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн X Их наадмыг Монгол улс хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг Юнескогийн Монголын үндэсний комисс , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газар зохион байгуулж байгаа бөгөөд  Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт энэ сарын 22-27-ны хооронд болох аж. Энэ удаагийн наадам нь Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа бөгөөд  Улаанбаатар хоттой танилцах аялал болон хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулснаараа онцлог юм. Тус наадамд 100 гаруй монгол хүүхэд, багш нар оролцох бөгөөд гол зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд залуучуудыг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг аж. Түүнчлэн наадмын үеэр  Юнескогийн Зүүн азийн дэд бүсийн орнуудын  үндэсний комиссын нарийн бичгийн дарга нарын уулзалт зохион байгуулагддаг уламжлалтай. Уг уулзалтаар 2012-2013 оны төлөвлөгөө болон 2014 оны ээлжит Зүүн азийн орнуудын хүүхдийн урлагийн их наадмын талаар хэлэлцэх юм.

 

Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханаас тодрууллаа. 

-Зүүн Азийн Хүүхдийн урлагийн их наадмын гол ач холбогдол?

-Энэ жил Монгол улс Юнескод элссэний 50 жилийн ой тохиож байгаа. Зүүн азийн хүүхдийн урлагийн Их наадам маань зөвхөн урлагийн наадмаас гадна азийн бүс нутгуудын хүүхдүүдийг хооронд нь харилцан ойлголцуулж, соёл урлагаар нь  дамжуулж хүүхдийн өөдрөг хүслийг бий болгодог юм. Зүүн азийн орнууд түүхт маш олон дурсгалтай газруудтай. Манай улс ч түүхийн маш арвин баялагтай улс. Манай улсад 2 дахь удаагаа зохиогдож байгаа нь зүүн азид төдийгүй азийн орнуудад өндөр байр суурь эзэлдгийн нэг том жишээ. Манай улс Юнескотой   соёл, боловсролын салбарт хамтарч ажиллахын зэрэгцээ Юнескогийн бодлого тодорхойлох бүтцэд ажиллаж байна. Энэ нь цаашид монгол улс дэлхийн бодлого тодорхойлох бүтцэд ажиллахад өргөн бололцоо нээгдэж байгаа гэсэн үг.  

-“Зүүн Азийн Хүүхдийн  Урлагийн Их Наадам”-д ямар ямар улс орнууд оролцдог вэ?

-10 жилийн өмнө Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг зүүн азийн хүүхдийн урлагийн их наадмыг зохион байгуулах нь хүүхдэд болоод улс орнууд энх тайвнаар оршин тогтноход их хэрэгтэй юм гэдэг үүднээс энэхүү наадмыг санаачилсан байдаг. 2010 оноос тус наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулагдахаар болсон. Зүүн Азийн орнуудад  Өмнөд Солонгос, Хятад, Макао Хонгконг, манай улс  багтдаг. Гэхдээ энэ удаад Хонгконг Хойд Солонгосын хүүхдүүд ирж амжсангүй.

-Наадмын бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Хангагдсан. Найрамдал төв дээр бүх арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тус наадмыг зохион байгуулахад  МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжлэг үзүүлж байгаа.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top