Гажиггүй гажуудаж буй салбар

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Нийслэлийн хүн амын 50-иас дээш хувь нь нийтийн тээврээр хөл дүүжилдэг. Арав гаруйхан хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж оюутан сурагчид, багачууд сургууль, цэцэрлэгтээ явж эхэлнэ. Зун цагт төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдын дийлэнх нь амралтын байдалтай байдаг бол есдүгээр сар эхэлмэгц ажилдаа ордог. Энэ үед иргэдийн санааг зовоодог асуудал бол автозамын түгжрэл, нийтийн тээврийн хомсдол юм. Өөрөөр хэлбэл есдүгээр сараас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих эрхтэй хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай 113 мянган хүн байдаг. Харин өнгөрсөн жил автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлдэг 96 мянган оюутан байсан бол энэ жил 113 мянга болгон нэмэгдүүлэхээр Монголын оюутны холбоо Нийслэлийн нийтийн тээврийн газарт санал хүргүүлээд байгаа.

НИТХ сонгогдож, энэ сарын 7-нд даргаа сонгосны дараа 12-ны өдөр Нийслэлийн иргэний танхим анхны хэлэлцүүлгээ “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдэв дор иргэдтэйгээ өрнүүлсэн.

Жилийн өмнөөс нийтийн тээврийн том оврын автобусыг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулна хэмээн тэмдэглэгээ тавьсан ч хэрэгжээгүй жил болоод байсан. Энэ асуудлыг иргэний танхим сөхөж энэ сарын 25-наас ахин хэрэгжүүлэхээр шийдээд байгаа. Нийслэлийн хэмжээнд багадаа 15 мянган төрийн алба хаагч хувийн автомашинаар зорчдог. Иймд төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлэх, томоохон зах, үйлчилгээний төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, сургууль цэцэрлэг, иргэдийн ажил эхлэх, дуусах цагаас зөрүүлбэл замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой хэмээн үзээд байгаа. Гэвч сөхөгдөөгүй орхигдсон олон асуудал нийтийн тээвэр, замын хөдөлгөөний эргэн тойронд бий.

Өөрөөр хэлбэл түрүүлж гүйцэх гэж хурд хэтрүүлэн түгжрэл үүсгэж, дуут дохиог зохисгүй хэрэглэх зэрэг замын хөдөлгөөний соёлд суралцаагүй жолооч нар иргэдийг бухимдуулдаг.  

Сүүлийн жилүүдэд шатахууны үнэ хурдацтай өсч, нийтийн тээврээр үйлчилдэг компаниуд болон такси үйлчилгээ явуулдаг компани, хувь хүмүүс хэдэнтээ үнээ нэмээд дараах үнэ тогтсон юм. Хамгийн сүүлд Нийтийн тээврийн газраас том оврын автобусаар том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих эрхтэй гэж тогтоосон бол микро автобусаар 500 төгрөгөөр зорчих эрхтэй. Харин такси үйлчилгээ явуулдаг хувь хүн, компаниуд км тутамдаа 800 төгрөгөөр үйлчлээд байгаа. Гэтэл “Нарантуул зах”-ын чиглэлд үйлчилдэг микро автобусууд үнээ нэмээд нэлээд удчихлаа. Тухайбал, Дарь эх, Дамбадаржаа-Нарантуул чиглэлд аль ч тал руугаа зорчсон 600 төгрөг. Харин Нарантуул зах чиглэлд үйлчилдэг микро автобусууд ирж, очихдоо ялгаагүй 700 төгрөгөөр үйлчилдэг болжээ. Учрыг тодруулбал түлшний үнэ нэмэгдсэн цагаас л үнээ нэмсэн. Дээрээс нь зам хаагаад холуур тойрч явж байгаа гэсэн тайлбартай. Ийнхүү үнээ нэмсэнийг Нийтийн тээврийн газрынхан мэдээгүй хэмээн сууж байх юм. Учир нь тус газарт үнэ нэмэгдсэн гэсэн гомдол ирээгүй гэв. Гомдол ирсэн цагт л баримттай шалгадаг болоод энэ чиглэлийн үнэ нэмэгдээд удсаныг мэдээгүй байх нь.

Манай ямар ч мэргэжлийн дүрэмт хувцастай, хууль, хяналтын байгууллагынхан шаардлагатай тохиолдолд энгийн хувцастай шалгалт хийдэг баймаар юм. Мэргэжлийнхээ хувцастай хяналт, шалгалт хийнэ гэдэг тэднийг дүрэм, журмаараа үйлчилж, ажиллаж байгааг тэр болгон илрүүлээд байх боломжгүй том хаалт. Өнгөрсөн жилээс микро автобус тасалбар тасалж эхэлсэн нь үнэндээ хэрэгжихгүй байгааг олон үйлчлүүлэгч батална. Нийтийн тээврийн хэл амны гол бай болдог микроныхны асуудал үүгээр зогсохгүй. Хамгийн орой 23.00 цагаас 00.00 цаг хүртэл үйлчилж иргэдийнхээ оройтдогийг нь ойлгож, гэрт нь дөхүүлж өгдөг нь микроныхон. Харамсалтай нь энэ үед тэд үнэд орж 800-1000 төгрөг, заримдаа 1500 төгрөг ч хүрдгийн дээр хотын төвөөс ойрдоо л 100 айл, ардын эрх, 3,4-р хороолол орчмоос хотын зах, гэр хорооллын чиглэлд үйлчилдэг. Мөн хол ойроосоо хамаараад 1000, 1500 төгрөгийн унаа тун оройтсон үед байж л таарвал аз. Харин энэ тохиолдолд оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэгүй зорчих эрх хасагдах нь тэр. Ийм асуудал байгааг холбогдох байгууллага нь гомдлын дагуу баримттай бол шалгадаг юм байна.

Хотын захад микроныхон ийн үйлчилж байхад нийтийн тээврийн том оврын автобус 22.00 цаг гэхэд аль хэдийнэ эцсийн зогсоолдоо амралтаа авсан байна. Том оврын автобус хүрэлцээгүй, явах давтамж нь хол байдаг нь үнэн. Дээрээс нь ажил эхлэх болон тарах цагт замын түгжрэл дээд цэгтээ хүрч автобус хоорондын явах цагт өөрчлөлт ордог. Үүнээс болж өглөө ажил сургуулиасаа хоцорч удирдлага болон багшаасаа “банга” хүртдэг нь нууц биш юм. Харин орой харих болоход түгжрэлийн улмаас автобус удаан хүлээх, эсвэл бүгчим автобусанд хөлөө өвдтөл зогсох нь ч бий. Урин дулаан цаг юм хойно тэвчинэ. Гэтэл өвлийн улиралд хэчнээн дулаан хувцастай ч хүн амын дийлэнх нь Хятадын манай улсад явуулж буй бодлогын хүрээнд чанар муу, доороос хайрдаг гутал өмсөж 30 минутаас цаг хүлээнэ гэдэг тун хүндхэн. Хотын төвөөр явах эрхтэй том оврын автобусууд 22.00 цаг дөхмөгц ховордож, эцэстээ бараа сураггүй болно. Хол чиглэлд үйлчилдэг автобусанд хүн нь багтахгүй үлдсэний улмаас автобусгүй хоцрох нь бий. Автобусууд буудал дээр удаан зогсдог бол заримдаа өөр хоорондоо зорчигч булаацалдан, хурд хэтрүүлэн давхиж иргэдийнхээ уур бухимдал, эгдүүцлийг хүргэдэг. Ёстой л амьгүй мах ачсан мэт баримжаагүй жолооддог жолооч нарт ямар ч хариуцлага тооцдоггүй. Хэзээ хариуцлага тооцож болдог вэ гэвэл осол гаргаж, бусдыг гэмтээн, амь насанд нь хүрсэн тохиолдолд асуудлыг авч хэлэлцдэг.

Иргэд нийтийн тээврийн үнэ, үйлчилгээ зэрэгт нь гомдол илэрхийлэн хэд гурван үг хэлбэл “Буугаад алхахгүй юу. Албатай биш. Манайх улсын байгууллага биш” хэмээн хатуурхана. Уур нь хүрсэн нэг нь нийтийн тээвэрт суухаас ч дургүй нь хүрч өөрийн ижил дугаартай 36:36, 37:37 г.м унаандаа /гутландаа/ найдаж алхана.

Дээрх хөндөж буй асуудлууд хэдэн тэрбумын төсөвтэй замын ажил биш. Гагцхүү шаардлагатай дүрэм, журмаар зохицуулаад, ойрмогхон хяналт, шалгалт хийгээд шаардлагатай, хариуцлагатай хандаж чадвал үр дүн нь харагддаггүй замын шинэчлэл, засварын ажил биш.

Уншихад заримд нь энгийн л тохиолддог асуудал бэрхшээл мэт санагдавч биеэр туулж буй иргэдийн хувьд үнэт цагтай нь, стресстэхтэй нь, эрүүл мэндтэй нь салшгүй холбоотой юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top