Өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит бус Хоёрдугаар хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Үүнд Нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах арга хэмжээг түргэвчлэн жигдрүүлж, энэ эгнээнд удаан хугацаагаар автомашинаа зогсоохгүй байх аж. Хэрэв удаан хугацаанд орхиж явсан тохиолдолд хотын нэгдсэн камерын системээр хянан, ачиж авч явах гэнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг ачих автомашиныг 12-оор нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолж байв. Харин түр хугацаанд зогссон автомашин бүрийг журамлаад байхгүй аж. Мөн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ асуудлаар илтгэл танилцуулав. Тэрбээр нийслэлийн автозамын хөдөлгөөний нягтралыг бууруулахад нөлөөлөхүйц 12 төрлийн багц арга хэмжээ судалж бэлтгэснээ танилцуулжээ. Тодруулбал, долоо хоногийн ажлын өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялгаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах тухай санал оруулжээ. Үүнээс гадна томоохон дэлгүүр, худалдааны төвүүдийн зогсоолыг хориглох, хязгаарлах, төлбөртэй зогсоолыг ашиглаж сурсан учир нэмж 24 зогсоол байгуулах боломжтой гэж үзжээ. Мөн
Нийслэлийн автозамын нягтралд нөлөөлөхүйц байршилтай их дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтайгаар сургуулийн автобусаар тээвэрлэх, худалдаа үйлчилгээний газрууд, захуудын цагийн хуваарийг өөрчилж 06.00-14.00 цагийн хуваарьтай болгох боломжтой гэв. Түүнчлэн автозам дээр хяналтын ахлах байцаагч нарыг сургаж ажиллуулан, өдөрт 12 мянган төгрөгөөр цалинжуулах санал гаргав. Өдөрт 15 хүн дээрх урамшууллаар ажиллахад иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй зам тээврийн ачаалал, ослоос сэргийлэх давхар боломжтой гэсэн олон санаануудыг дэвшүүлсэн юм. Энэхүү асуудлыг ирэх долоо хоногт болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )