Японы найруулагч Такэ Масахарү: “Багш аа” киног хүний бодит амьдралаас сэдэвлэсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Такэ Масахирү гэдэг. Кино найруулагч мэргэжилтэй.

-“Багш аа”  киноны тухай сонирхуулна уу?  

-Монгол, Япон хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан “Багш аа” гэдэг нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Кинонд 1995-1999 оны хооронд Японоос Монголд ирж бэйсболын холбоонд багшилж байсан залуугийн тухай гарах болно.

-Кино хийх сэдлээ хаанаас олж авсан бэ?

-Монголд бэйсболыг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүн маань өөрт тохиолдсон бүх зүйлээ ном болгож гаргасан. Тэр номыг нь уншаад л кино болгож болох юм байна гэж бодсон юм. Одоо ч Монголд цөөхөн хүн бэйсбол тоглодог. Тиймээс олон хүнд энэ спортын талаар түгээхийг хүссэн. Мөн хүнээр багшлуулна багшилна гэж яг юу юм бэ? гэдгийг харуулахыг зорьж байна.

-Бэйсбол гэхээр их сонирхолтой юм. Үйл явдлаас нь тодруулаад ярьж болох уу?

-Бололгүй яахав. Үйл явдал нь Монголд бэйсбол тоглодог хүн байгаагүй байхад нэгэн япон залуу энэ спортыг заах гэж ирээд олон саад бэрхшээлтэй тулгарна. Тэр үед нь монгол охин тусалж тэд гэрлэдэг. Удалгүй Монголд бэйсболын талбай ашиглалтанд орж бэйсбол тоглох сонирхолтой хүүхдүүдэд хичээл заадаг. Тэд Японд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Японы багтай тоглоно.

-Киноны жанр?

-Комеди талдаа. Гэхдээ хүний сэтгэлд хүрэхээр хийнэ.

-Баг бүрдүүлэлт?

-Манайхаас 5 хүн ирсэн. Монголоос ихэнх нь байгаа. Бид хэл сайн нэвтрэлцэхгүй байгаа ч гэсэн ажилд маань тусалж байгаад баяртай байна.

-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгож авсан бэ?

-Япон залуугийн гол дүрд тоглож байгаа жүжигчин маань нэгдүгээрт их залуухан, жүжигчний уран чадварын хувьд их сайн, мөн бэйсболл тоглож чаддаг. Харин монгол жүжигчид маань жүжиглэх ур чадвар сайтай. Тиймээс сонгож авсан.

-Зураг авалтын талбайг сонирхмоор байна?

-Сүхбаатарын талбай, Драмын театрын өмнөх талбай, хүнсний зах, Тэрэлжид авсан. Цаашид вокзал, Японы Аннан хотод авна. Мөн тэндээ Японы багтай бэйсболл тоглодог хэсгийн зураг авалтыг цэнгэлдэх хүрээлэнд авахаар болсон.

-Хэзээ зураг авалт дуусах вэ?

-Монголд авах зуны зураг авалт 8 сарын 5-аас 8 сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ. Харин Японд 7 хоногийн зураг авалт байгаа. Бас  өвлийн зураг авалтыг нэгдүгээр сард 7 хоногийн хугацаатай авах юм.

- Урт хугацаанд зураг авах юм байна?

-Кино маань өөрөө 4 жилийн үйл явдлыг харуулна. Тиймээс цаг хугацааны шилжилтийн харуулах хэрэгтэй.

-Киноны нээлт аль улсад болох вэ?

-Монгол болон Японд. Цаашид олон улсын кино наадмуудад гаргах зорилго бий.

-Одоогийн байдлаар та урын сандаа хэчнээн уран бүтээлтэй болоод байна вэ?

-Миний хувьд туслах найруулагчаар олон жил ажилласан. Энэ хугацаандаа кино бүтээх нарийн аргуудаас суралцсан. Филиппинтэй хамтарч кино хийж байсан. Мөн Солонгост “Сөүл кафе”, Японд “Баймицү”, “Бусан” гэсэн кинонуудыг хийсэн. Одоо хийж буй “Багш аа” кино маань миний 7 дахь уран бүтээл.

-Монголд ирээд манай кино урлагийн бүтээлүүдээс үзсэн байх. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энд ирээд 3 кино үзсэн. Жүжигчдийн жүжиглэх уран чадвар сайн юм байна лээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top