Амьдрах орчин сайжрах цаг “нэг сайхан нартай өдөр” ирэх л байлгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Засгийн газар 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны 02-р сарын 21 өдөр гарын үсэг зурж баталж байсан.

Нийслэлд 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган орон сууц байгуулахаар анх төлөвлөсөн юм. Гэвч урт нэртэй, удаан настай энэ хөтөлбөр хэрэгжих сургаар олон мянган байранд орох хүсэлтэй иргэд ОССК-ын хаалгыг онголзуулж байсан нь саяхан. ЗТБХБ-ын сайд Ж.Дашдорж бага дунд орлоготой иргэдэд зориулсан барилгын компаниудын байрны үнэ метр квадратын үнийг 910-1.1 сая төгрөг болгох шийдвэрийг гаргаж байсныг хүн бүхэн тод санах байх. Мөн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх барилгын компаниуд нь газрын харилцаа, барилга геодиз, зурагзүйн газартай гэрээ байгуулах бөгөөд үнээ хөөрөгдөж байгаа компаниудыг хөтөлбөрт хамруулахгүй гэдгийг ч анхааруулж байсан. Гэтэл энэ магнай тэнийлгэм сайхан мэдээ нь сонгуулийн шоуны нэг хэсэг байв уу. Орон сууцанд орох хүсэлтэй, иргэд ч цөхөрсөн бололтой. Арга ч үгүй биз, хөтөлбөрт хамрагдсан, бага дунд орлоготой иргэдэд зориулсан гэх барилгын компаниудын байрны үнэ метр квадрат нь хамгийн багадаа нэг сая 400 мянга, дараа нь хоёр сая 200 мянган төгрөг болсон нь олон хүнийг гонсойлгосон байх.

Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийг санхүүжилт гаргахыг зөвшөөрсөн. Тус банкнаас өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт 20 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн. Харин үлдсэн 30 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн банкны дансанд мөнгө орж ирээгүй. Тус банк өөрийнхөө хөрөнгөнөөс энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа. Тиймээс эрсдэлээ өөрөө үүрэх учраас иргэдэд зээл олгохдоо барьцаа хөрөнгө, сарын орлого зэрэг өндөр шаардлага тавьж байна. Үлдэгдэл 30 тэрбум төгрөг нь хэзээ Төрийн банкны дансанд орж ирэхээс хамаараад зээл олголтын ажил сүүлийн үед удааширчихаад байгаа. Хөгжлийн банкнаас хэзээ санхүүжилт орж ирэх нь тодорхойгүй хүлээсээр ёстой л “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчийн адил болох нь. Улс орны хөгжил болоод 100 мянган айл өрх тохилог орон сууцаар хангагдахын зэрэгцээ агаарын бохирдол буурч ард иргэдийн амьдрах орчин сайжрах цаг “нэг сайхан нартай өдөр” ирэх л байлгүй гэж хүлээж сууя даа.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top