“100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжиж эхлээд таван сар болсон байна. Хөтөлбөр эхэлмэгц хүмүүс хэсэг шуугиж, одоо намжив. Энэ хугацаанд болохгүй, бүтэхгүй олон зүйлтэй тулгарсан тэдний хүсэл зориг мохоод байгаа бололтой. Өрхийн орлого, барьцаа хөрөнгө, орон сууцны м2-ын үнэ гээд л. Угтаа “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т 100 мянган айл хамрагдах учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд ОССК-иас 2905 хүний орон сууцтай болох хүсэлтийг батламжилсан ч “Төрийн банк”-ны давааг 265 нь даваад байна. Учир нь тус банк зээл авахыг хүсэгчдээс барьцаа хөрөнгө шаардаад буй. Байртай болох гэж байгаа хүнээс байрны барьцаа шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2905 хүний 265 нь байр барьцаанд тавьж, үлдсэн 2640-д нь барьцаалах байр байгаагүй гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөрт хамрагдах иргэн урьд өмнө орон сууц өмчлөлд оролцож байгаагүй, орон сууц хулдалдаж авч байгаагүй байх ёстой гээд тусгачихсан байдаг. Тэгвэл байртай болох хүсэлтэй иргэдэд хэн итгэж байраа барьцаалуулах билээ. Аав ээжийнхээ гэрт амьдарч буй үр хүүхэд нь өмчлөлд нь оролцсон л байгаа. Тэгээд яахав чаддагаараа аав ээжийнхээ байрыг барьцаанд тавья гэтэл өмчлөлд нь оролцчихсон байх жишээтэй. Өөр нэг боломж, тухайн авах гэж буй байр нь 50 хувь баригдчихсан тохиолдолд гэрчилгээг нь барьцаанд тавьж болно гэж “Төрийн банк” нэг гэрэл нэмсэн боловч баригдаж эхлээгүй, 50 хувьдаа ороогүй барилга олон байгаа тул юуны гэрчилгээ байх билээ. Ийм түгжилд иргэд таван сарыг үдээд байна. Одоо үлгэр юм байна хэмээн тоохоо больж байгааг ОССК-д хэдэн арваараа оочерлоод байсан хүмүүс өнөөдөр намжсанаар харж болно.
Энэ сарын 15-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр “Төрийн банк”-нд “Хөгжлийн банк” 20 тэрбум төгрөгийг “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн санхүүжилтэд өгчээ. Үүний 18 тэрбумыг 265 өрхөд өгөөд байгаа аж. Тодруулбал, 20 тэрбумыг 250-300 хүнд өгч байна гэсэн үг. Уг хөтөлбөрт эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх ёстой юм билээ. Тэгвэл 200 тэрбумыг 2500-3000 хүнд хуваагаад дуусна. Ингээд 100 мянган айлын 3000 мянга нь байртай болж, үлдсэн 97 мянган айл, өрх утаат зуухтайгаа л үлдэнэ.
Одоо ахин “Төрийн банк”-ны шаардлага хангасан 40-50 хүний материал бэлэн болоод буй. Энэ материал бэлэн болсоноор “Хөгжлийн банк”-нд гүйцэтгэлээ өгч, санхүүжилт авдаг юм байна. Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Үлгэр үү? Үнэн бодит байдал байсан уу? гэдгийг хүлээх л үлдлээ дээ.

Сэтгэгдэл ( 0 )