Өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн их танхимд “Домог эхлэх цаг” болон “Сар ба аялгуу” гэсэн хоёр уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг нээлтээ хийлээ.
Зураач Х.Заяат “Домог эхлэх цаг” үзэсгэлэндээ арьсан урлагийн зурагнуудаа дэлгэснээс гадна мод яс зэрэг материалыг ашиглан туурвисан бүтээлүүдээ ч тавьсан юм. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэнгээ ихэвчлэн эртний домог үлгэрүүдээс сэдэвлэж үхэр тэргэн дэглэлттэйгээр дэлгэжээ. Харин зураач керамикч У.Ариунаагийн “Сар ба Аялгуу” үзэсгэлэнгийн хувьд керамикийн бүтээлүүдээ тавьснаас гадна компьютер графикаар зурсан сонирхолтой зургуудаа олны хүртээл болгохоор дэлгэжээ. Түүний бүтээлүүдээс өнгөний хурц илэрхийлэл, оюун санааны хийсвэрлэл зэргийг харж болохын зэрэгцээ хамгийн гол нь Монголд дөнгөж орж ирээд байгаа графикаар зурсан гайхалтай бүтээлүүдийг нь сонирхох боломжтой. Тэдний үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд ДУДС-ийн захирал Бумандорж, ахмад багш Содномцэрэн, багш Эрдэнэчимэг болон хоёр бүтээлчийн найз нөхөд, ар гэр, ангийнхан гээд маш олон хүн цугларч тэдний үзэсгэлэнг сонирхсон юм. Ингээд хоёр уран бүтээлчид маань амжилт хүссэн зочдын сэтгэгдлийг хүргэж байна.
Л.Бумандорж /ДУДС-ийн захирал/:
Өнөөдөр ДУДС-ийг төгссөн 2 төгсөгч маань урлагийн ертөнцийг өөр өөрсдийнхөө мэдрэмжээр харж таньсан сайхан үзэсгэлэнг үзэгч олондоо дэлгэж байгаад сэтгэл их өндөр байна. Залуу авьяастнуудыг төрүүлсэн эцэг эх багш найз нөхдөд нь талархал илэрхийлье. Ингээд уран бүтээлчдэдээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Х.Содномцэрэн /дэд профессор, багш/:
Урьд нь хэд хэдэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байсан Заяат маань керамик урлагийн их сайхан бүтээлүүдийг туурвидаг. Харин манай Ариунаа миний мэдэж байгаагаар тав, зургаан үзэсгэлэн нээсэн. Энэ удаагийн үзэсгэлэн нь ч маш сайхан болж байна. Сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа залуучууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Я.Эрдэнэчимэг /ДУДС-ийн багш/:
Шавь нартайгаа уулзаагүй олон жил болчихож. Өнөөдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээр нь уулзаж байгаадаа баяртай байна. Бүх шавь нартаа хайртай шүү.
Энэ үеэр МУГЖ Ц.Цэнд-Аюуш гуай хүү Заяатдаа алд цагаан хадаг мөнгөн аягатай сүүг барьж амжилт хүссэн юм.
Үзэсгэлэнгийн танхимд цугларсан зочид хоёр уран бүтээлчид амжилт хүсч цэцгийн баглаа барьснаар үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өндөрлөсөн юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )