Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр Үндэсний сурын урианхай харваагаар эхэллээ. Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, түрүүлсэн юм.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат улсын мэргэн спортын мастер Ж.Мягмар түрүү байрын харваачтай тэнцүү 28 онож, харваачид товх харваж хайнаа салгахад М.Батгэрэл илүү цэцэн харважээ. Ийнхүү М.Батгэрэл мэргэн урианхай сурын харваанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна.
Энэ жилийн урианхай сурын харвааны нэг онцлог нь дээд амжилт эвдэгдсэн явдал байв. Улсын мэргэн М.Батгэрэл, Ж.Мягмар нар тус бүр 28 оносноороо урианхай сурын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Баяр наадмын урианхай сурын харвааны өмнөх дээд амжилт 27 оноо байжээ.
100 гаруй харваачид оролцсон энэ жилийн урианхай харвааны эхний таван байрт Баян-Өлгий аймгийн харваачид шалгарсан юм. Улсын мэргэдийг удаалж, 2008 оны Монгол Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27 онож гуравдугаар байрт, Спортын мастер З.Нямсүрэн 30 сумнаас 27 онож дөрөвдүгээр байрт, "АПУ Трейдинг" компанийн "Зэв Алтан түрүү" багийн гишүүн, спортын мастер н.Баянмөнх 30 сумнаас 25 онож тавдугаар байрт шалгарчээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )