Өнөөдөр “Улаанбаатар Барилга – 2026” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан төрийн болон төрийн өмчийн оролцоотойгоор 25 мянган орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай ярилаа.
Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад жилд дунджаар 20 мянган байр шинээр ашиглалтад ордог. Төрийн оролцоотойгоор 2028 он хүртэл 25 мянган байр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. ХББОС-ын яам болон ТОСК дээр байгаа мэдээллээр 1512 айл байна. Энэ тооны айл өнгөрсөн хугацаанд түрүүслэх, түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан гэсэн үг. Өмнө нь хэлсэнчлэн 2028 он хүртэл 25 мянган орон сууц ашиглалтад орсноор энэ бодлого цаашдаа хэрэгжинэ гэсэн үг” гэсэн юм.
Энэ онд орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Салбар яамнаас энэ хаврын чуулганд Барилгын тухай хууль, орон сууцжуулалтын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын банкны тухай хуулийг өргөн барихаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )