Музейн гүйцэтгэх үүрэг зөөлөн хүчний бодлогод чухлыг харууллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуунтай Венийн Дэлхийн музей, Финландын Үндэсний музей, Япон улсын Тэнри ИС-ийн харьяа Санкокан музей, Литвын Үндэсний музей, Унгарын Үндэсний музейдийн захирлууд албан уулзалт хийж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал, Венийн Дэлхийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой нь ирэх 2028 онд болно. Тиймээс хамтарсан үзэсгэлэн гаргах саналыг гаргаж, Монголын буддын шашны урлагийг сонирхож буйгаа захирал Клаудиа Банц хэллээ.

Төв Азийн улс орнуудын музейд хамтарч Азийн буддын томоохон үзэсгэлэн гаргаж, Төв Азийн буддын урлагийн олон улсын хурал зохион байгуулж болно. Монголд буддизмыг түгээн дэлгэрүүлсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээлээс оролцуулж дэмжин ажиллахаа Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун илэрхийллээ.

Мөн Унгарын Унгарын Үндэсний музей Габор Зигмондтой уулзаж ирэх оны есдүгээр сард Монголд Аттила үзэсгэлэнг Монголын Хүннүчүүдтэй нийлүүлсэн хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцлоо.

Мөн Литвын Үндэсний музейн захирал Рута Качкутэ уулзах үеэрээ Балтийн тэнгис хавийн улс орнуудад үзэсгэлэн гаргах боломжтой эсэх талаар санал солилцлоо.

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Азербайжаны Үндэсний музей захирал Наиля Велинханлытай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Төв Азийн улс орнуудтай маш сайн харилцаж соёлын харилцааг чухалчилж буйн үр дүнд музей хооронд хамтран ажиллах Санамж бичгүүд байгуулагдаж байгааг хэлээд цаашдын хамтын ажиллагаа өргөжин гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Мөн Киргизийн Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейн захирал Аида Алымова, Казахстаны Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы, Тажикстаны Үндэсний музейн захирал Ибрахимзода Зафаршо,Узбекистан Улсын Түүхийн музей захирал Исмаилова Жаннат Хамидовна, Туркменистан Улсын Аркадаг хотын түүх, орон нутаг судлалын музейн захирал Анначарыев Нурмырат нарыг хүлээн авч уулзах үеэрээ чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаад талархлаа илэрхийлж, цаашид музей хооронд хамтран ажиллах өргөн боломж буйг хэллээ.

Олон Улсын музейн зөвлөлөөс 2026 онд “Хуваагдмал дэлхийг музейнүүд нэгтгэхүй” хэмээн хүн төрөлхтөнд үүсэж буй олон нөхцөл байдалд дэлхийн улс орнуудын музей хэрхэн үүрэг гүйцэтгэхийг тодорхой зааж өгч уриалгаа дэвшүүлсэн. Тийм ч учраас Чингис хаан Үндэсний музейн зүгээс уриалгыг дэмжин өөрсдийн хувь нэмрээ оруулж, чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Евроазийн улс орнуудын музейн удирдлагууд Чингис хаан Үндэсний музейд нэгэн дор цуглан музейн хөгжил, бодлого, үйл ажиллагаа, нүүдэлчдийн өв соёлын хадгалалт хамгаалалт,хамтын ажиллагаа, шинэ эрин дэх музей, технологи, инновацын чиглэлээр хамтран шинэ боломжийн талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрч чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top