
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж (2026.06.04), төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023-2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс 2,466.8 сая төгрөгийн 7 асуудалд хэрэг нээхээс татгалзаж, 54.5 сая төгрөгийн 1 асуудлыг хэрэгсэхгүй болгожээ. Харин 62 мэдээлэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа үргэлжилж байгаа бол, 4 асуудалд яллах дүгнэлт үйлдэн шүүхийн шатанд шилжүүлээд байгаа аж.
Уулзалтын үеэр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд анхаарах, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон тогтоолын хувийг Үндэсний аудитын газарт ирүүлэх, мөн дээд шатны прокурорт гомдол гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал хэллээ. Түүнчлэн прокурорын байгууллагад шилжүүлсэн асуудлуудын шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хагас болон бүтэн жилээр Үндэсний аудитын газарт тогтмол ирүүлж байх асуудлыг хөндөн ярив. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хүлээдэг. Төрийн аудитын байгууллага энэ чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа боловч 2026 оны эхний улирлын байдлаар 7,256.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 138 аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, мөн хугацаа хэтэрсэн 292,367.0 тэрбум төгрөгийн 708 төлбөрийн актын үлдэгдэл төлөгдөөгүй байгааг хамтран шийдвэрлэнэ. Иймд хүчин төгөлдөр болсон төлбөрийн акттай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх саналыг албан ёсоор тавилаа. Мөн хүчин төгөлдөр болсон төлбөрийн актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулж, шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудас олгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хүсэв.
Уулзалтын үеэр талууд дээрх асуудлаар санал солилцож, хамтран ажиллах талаар тохиролцов. Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Чулуунбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хүний эрхийн бодлогын газрын дарга Э.Энхбат, Үндэсний аудитын газраас Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрын захирал, тэргүүлэх аудитор Ч.Цэвэгдорж, Аудитын менежер Н.Анхбаяр, Тамгын газрын Хууль, эрх зүй, ил тод байдал хариуцсан албаны менежер Б.Ариунзаяа нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )