Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.20) Засгийн газрын хуралдаанд төслийн талаар танилцуулав. Тэрбээр уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, усны нөөц сан бүрдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан суманд баригдах Байдрагийн 30 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байхаар төлөвлөжээ.
Төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2025 оны 181 дүгээр тогтоолд тусгасан байна.
Эрчим хүчний яам 2025 онд төслийг санаачилж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийжээ. Судалгааны дүнд төслийг эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн ач холбогдолтой бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанаар төслийг эдийн засгийн үр ашигтай гэж үзэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд “Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хүлэмжийн хийн ялгарал буурч, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдэхээс гадна Говийн бүсэд усан сан бий болох ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )