Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

”Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж болгон туршилтаар тээвэрлэх, нэгдлийн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, ирээдүйд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Элчин сайд болон бусад холбогдох албаны хүмүүстэй бүх талаар хамтран ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас коксжих нүүрс худалдан авах хүсэлтэй байгаа БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулан тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, бодит үр дүн гаргах нь чухал болохыг онцлов.

БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top