
Төрийн бодлого газар дээрээ бодит ажил болж, шийдвэр нь шууд хэрэгжилт болон бууж буй долоо хоног үргэлжилж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан–Сэлэнгийн тариалангийн бүсэд ажиллаж, тариаланчдын тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсож, Засгийн газарт тулгамдсан асуудлаа танилцуулж хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар салбарын санхүүжилт, шатахуун, үрийн хангамж зэрэг гол асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэснээр хаврын тариалалтыг технологит хугацаанд саадгүй эхлүүлэх бодит нөхцөл бүрдэж байна.
Засгийн газраас тариалангийн салбарт санхүү, нөөц, бодлогын дэмжлэгийг цогцоор нь шийдвэрлэснээр 2026 оны хаврын тариалалтыг эрсдэл багатай, тогтвортой эхлүүлэх бодит нөхцөл бүрдүүлж буй дараах шийдвэрүүдийг товч хүргэж байна.
ТӨРӨӨС 130 ТЭРБУМЫН ДЭМЖЛЭГ: ТАРИАЛАНЧДЫН САНХҮҮГИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛНА
Засгийн газраас хаврын тариалалтад зориулан 130 тэрбум төгрөгийн хүүгүй эргэлтийн хөрөнгийн зээлийг тариалан эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэлээ. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд хэрэгжиж буй энэхүү дэмжлэгийн үр дүнд 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 117 иргэн, аж ахуйн нэгж нийт 31.04 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Энэ нь тариаланчид бодитоор санхүүжилтэд хүрч эхэлснийг харуулж байна. ⸻
САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТЭЛЖ, ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн жилийн гангийн нөхцөл байдлын улмаас үүссэн санхүүгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор зээлийн нөхцөлийг уян хатан болгох, тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгох зөвлөмжийг Монголбанканд өглөө. Ингэснээр салбарын санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, хаврын тариалалтын бэлтгэл тасалдахгүй байх нөхцөл бүрдэж байна.
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛЖ, ТАРИАЛАЛТЫГ ДЭМЖИНЭ
Хаврын тариалалтыг технологит хугацаанд хэвийн явуулах зорилгоор 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, 10 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүллээ. Нэг литр шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 8-наас эхлүүлээд байна. Энэ нь тариаланчдын зардлыг бууруулж, тариалалтын явцыг тогтвортой хангах чухал нөхцөл болж байна.
ҮРИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ
Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3.0–5.0 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан нарны цацраг” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ОХУ-ын Эрхүү мужаас 1,000 тонн “Гала” сортын үрийн төмс, 500 тонн эрт ургацын “Улаан нүдэн” сортын төмсний үр нийлүүлж эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь дотоодын хэрэгцээг хангах, импортын хамаарлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Зуны хүлэмжийн аж ахуйг дэмжих хүрээнд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр худалдан авалт хийж, иргэдэд хүүгүй, урт хугацааны зээлээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4 төрлийн хүнсний ногооны үрийг ногоочдод хүүгүй зээлээр олгоно.
Ингэснээр хүнсний ногооны тариалалт 1500 га-аар нэмэгдэж, ургац 20 мянган тонноор өсөх бодит боломж бүрдэж байна.
ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Өвлийн хүлэмжийн халаалтын зардлыг бууруулах зорилгоор цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлж, нийт 400 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Холбогдох журмыг боловсруулж, ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна.
САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭНЭ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд салбарт хэрэгжүүлэх гол арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа.
Үүнд:
- Малчдад чиглэсэн “1000 баг – 100 га” хөтөлбөр
- Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Малын гаралтай түүхий эдийн экспортын орчныг сайжруулах
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, худалдааг өргөжүүлэх
- Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх,
- Худалдаан дах техникийн саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх,
- Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж нэмэгдүүлэх
- “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зохицуулалтын шинэчлэл хийх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн удирдлагуудад хандаж “Хаврын тариалалтыг саатуулах нэг ч шалтгаан байж болохгүй. Санхүүжилт, шатахуун, үрийн асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэж байна. Бид тариаланчдаа бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой өсгөнө” хэмээж ажлаа шуурхайлахыг үүрэг болгоод байна.

Сэтгэгдэл ( 0 )