Нийслэлийн авто замын түгжрэлийг 30% бууруулах үр нөлөөтэй туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны долоодугаар сарын 10-нд нээх төлөвлөгөөтэй байна. Туулын хурдын зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл 6 эгнээ, 33 км урт, 6 эгнээ авто замын бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн юм.
Нийслэлийн болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгийн төсвөөр энэхүү замыг барих бөгөөд энэ онд 780 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Уг зам нь 12.8 мянган метр урт хүчитгэсэн төмөр бетон гүүр, “Exit” хоёр түвшний огтлолцол 8 байршилд, долоон байршилд 369 метр туннель, долоон орц гарцтай байх бол хотын төвд 13 орчим км урт гүүрэн байгууламжтай байхаар зурагт тусгажээ.
Дээрх төсөлд эх орондоо үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах бол гаднаас 2,000 ажиллах хүч авахаар төлөвлөжээ. Тус зам ашиглалтад орсноор Баянзүрхийн товчооноос 22-ын товч хүртэлх замыг 10 орчим минутад туулна гэх тооцоо гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )