Энэ оны хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Artemis II” хөтөлбөрийнхөө хүрээнд сансрын нисэгчдээ Сар руу илгээх гэж байна. Энэ нь сүүлийн хагас зуун жилд Дэлхийн дагуул руу хийж буй анхны хүний жолоодлоготой нислэг бөгөөд Orion сансрын хөлгийн гол туршилт юм.
“Apollo 17” нислэгээс хойш 54 жилийн дараа хүн төрөлхтөн Дэлхийн дагуул руу буцаж очихоор бэлдэж байна. 1972 оны арванхоёрдугаар сард сансрын нисэгчид Сарыг орхин явснаас хойш хүн дэлхий орчмын тойрог замаас цааш гараагүй билээ. “Artemis” хөтөлбөр нь энэхүү хагас зуун жилийн завсарлагыг өндөрлүүлж, хүн төрөлхтөнд Дэлхийгээс хол байнга оршин суух үндсийг тавих зорилготой.
Нэг удаагийн техникийн дэвшилд хүрэх зорилготой байсан “Apollo” хөтөлбөрөөс ялгаатай нь “Artemis” урт хугацааны стратегийг хэрэгжүүлнэ. Зорилго нь пуужин, сансрын хөлөг, тойрог замын дэд бүтэц, сансрын түнш зэрэг сансрын нислэгийн тогтвортой архитектурыг бий болгох явдал юм. Энэ л хүрээнд эхний туршилтуудаас авхуулаад ирээдүйн буулт болон хожмын сансрын аяллуудын үе шатуудыг тодорхойлно.
Artemis I: Хүний жолоодлогогүй нислэг
2022 оны арваннэгдүгээр сард хөөргөсөн “Artemis I” нислэг бол үүний эхний алхам байлаа. Үүгээр SLS пуужин, Orion сансрын хөлөг болон газрын удирдлагын гинжин хэлхээг бүхэлд нь шалгасан. “Artemis I” хөтөлбөрийн хүрээнд Orion сансрын хөлөг Сарыг тойрч, алсын ухрах тойрог замд орж, хэдэн долоо хоногийн дараа Дэлхий руугээ эргэн ирсэн билээ.
“Artemis I” нислэг алс огторгуйн нөхцөлд дулаан хадгалалт, нислэгийн удирдлага, холбоо болон эрчим хүчний системийг шалгах боломж олгосон юм. Гэсэн хэдий ч тус хөтөлбөрийн чухал элемент туршигдаагүй үлдсэн. Нисэх баггүй ямар ч системийн туршилтыг бэлэн биш гэж үздэг. Тиймээс энэ л даалгаврыг дараагийн нислэг биелүүлэх учиртай байв.
Artemis II: Сүүлийн хагас зууны анхны хүний жолоодлоготой нислэг

“Artemis II” нь “Apollo 17” нислэгээс хойш 54 жилийн дараа хүн төрөлхтний Дэлхийн дагуул руу хийх анхны жолоодлоготой нислэг. 2026 оны хоёрдугаар сарын 7-нд төлөвлөгдөж байгаа эл нислэгийг Orion сансрын хөлгөөр үйлдэх бөгөөд энэ нь “Artemis” хөтөлбөрийн архитектурын ерөнхий шалгалт байх юм.
Artemis II нислэгийн баг
Нислэгийн багийн бүрэлдэхүүн дөрвөн сансрын нисэгчээс бүрдэж байна. Багийн ахлагч нь Рид Уайзмен, хөлгийг Виктор Гловер жолоодно. Нислэгийн мэргэжилтнүүдээр Кристина Кох, Джереми Хансен нар томилогдсон. Хансений хувьд энэ бол сар руу нисэж буй анхны нислэг бөгөөд сарны хөтөлбөрт хамрагдаж буй анхны канад сансрын нисэгч.

Аялал нийт 10 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нислэгийн баг Orion сансрын хөлөг алсын нислэгийн үеэр хүний ажиллах, амьдрах аюулгүй нөхцөлийг хангаж байгааг батлах юм.
Пуужин тээвэрлэгч ба Orion хөлөг
Artemis II нислэгийг НАСА агентлагийн тусгайлан бүтээсэн хэт хүнд жингийн SLS (Space Launch System) пуужингийн тусламжтай гүйцэтгэнэ. Orion хөлөг нь дэлхий орчмын тойрог замаас цааш нисэхэд зориулагдсан бөгөөд “Apollo”-ийн үеийн хөлгүүдээс автоматжуулсан байдал, дулаан хамгаалалт болон урт хугацааны нислэг үйлдэх хүчин чадлаараа илүү. Тус хөлгийг нэг удаагийн хөлөг бус харин ирээдүйн дэд бүтцийн элемент хэлбэрээр хөгжүүлжээ.

Artemis II нислэгийн зорилго, зорилтууд
“Artemis II” хөтөлбөрийн гол зорилго нь багийн оролцоотой бүхий л системийг шалгах явдал юм. Нислэгийн үеэр амьдрах нөхцөл, удирдлага, алсын зайн холбоо, хөлгийг гараар жолоодох зэрэг бүхий л нөхцөл байдал, горимыг шалгаж үзнэ. Ингэхдээ нислэгийн баг, газар дээрх удирдлагын төвийн хоорондын хамтын ажиллагаа болон хүний жолоодлогогүй нислэгийн үеэр турших боломжгүй процедуруудад онцгой анхаарал хандуулж байна.
Гэсэн хэдий ч “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисэгчдийг Саран дээр буулгах зорилго тавиагүй. Сансрын нисэгчид Сарыг чөлөөт буцалтын замаар буюу Сарны татах хүч хөлгийг Дэлхий руу буцаадаг замаар тойрно. Эл замыг сансрын нисэгчдийн аюулгүй байдлын хангах зорилгоор “Apollo”-ийн үед ч ашиглаж байжээ. Өөрөөр хэлбэл, эл зам нь маневр хийх хязгаарлагдмал боломжтой үед ч нислэгийн баг эх Дэлхий рүүгээ буцаж ирэх баталгаа олгодог.
Эцсийн бөгөөд хамгийн хүндрэлтэй үе шат бол “гэртээ харих” зам. Apollo хөлөг Дэлхийн агаар мандал руу асар өндөр хурдтай орж ирэх тул энэ нь дулааны хамгаалалтын дэлгэц болон навигацийн нарийвчлалын том туршилт болох юм.
“Artemis” хөтөлбөрийн дараагийн нислэгүүд
“Artemis II” бол эл сарны хөтөлбөрийн эцсийн зорилго биш. Дараачийн томоохон алхам бол “Artemis III” нислэг. Энэ хүрээнд хүн төрөлхтнийг Саран дээр буулгах амбицыг хэрэгжүүлнэ. Үүний тулд НАСА агентлаг “Apollo”-ийн үеийнхээс тэс өөр буултын архитектурыг сонгоод байна.

Буултын модулиар SpaceX компанийн Starship хөлгийг сонгоод байгаа билээ. Тус хөлөг нь Orion хөлгийн пуужин тээвэрлэгч бус харин тусдаа буултын комплекс байх бөгөөд сансрын нисэгчдийн Сарны тойрог замаас Сарны гадаргуу дээр буулгаж, эргээд авах ёстой.
Гэсэн хэдий ч Starship хөлгийг хэзээнээс, хэрхэн ашиглаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус төсөл идэвхтэй туршилтын үедээ явж байгаа бөгөөд үүний бэлэн байдал нь Artemis III нислэгийн хуваарьт шууд нөлөөлөх юм. Тийм ч учраас “Artemis II” нислэг жолоодлогогүй туршилт болон ирээдүйд саран дээр сансрын нисэгчдийг буулгахын хоорондын холбогч болж байгаагаа туйлын өндөр ач холбогдолтой. Энэ л нислэг хүнийг сансарт хүргэх суурь систем бэлэн гэдгийг батлах учиртай юм.

Сэтгэгдэл ( 0 )